Сангийн яамнаас НӨАТ-ын буцаан олголтын талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Буцаан олголт авах иргэдийн хувьд анхаарах гол асуудал нь 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний 00.00 цагаас өмнө хийсэн худалдан авалтын мэдээллээ 2017 оны нэгдүгээр сарын ажлын эхний 5 өдөрт багтаан холбогдох www.ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлсэн байх шаардлагатай юм.
Түүнчлэн, иргэд энэхүү цахим хуудас дахь өөрийн мэдээллийн үнэн зөв байдлыг дахин нягтлах нь буцаан олголтоо цаг хугацаанд нь авах бүрэн боломжийг олгож байгаа юм.
Энэ талаар Сангийн Яамны дэд сайд Х.Булгантуяа “Он гараад НӨАТ-ын буцаан олголтыг Сангийн Яамнаас зохион байгуулах гэж байна.
Олон нийт, байгууллагууд энэ тал дээр зөв зүйтэй мэдээлэлтэй байх нь нэн чухал байна.
Үүний дараа Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төвөөс Татварын Ерөнхий Газрын орлогын хэлтэст мэдээллийг хүргүүлж, дахин нягталсны дараагаар Сангийн Яамны төрийн сангаар дамжуулан буцаан олголтыг зохион байгуулна.
Нийт 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр төлөвлөсөн байгаа.
Бүртгүүлсэн иргэдийн дунд системд байх ерөнхий мэдээллийг ташаа оруулсан тохиолдлууд нэлээн байна.
Тухайлбал, дансны дугаараа хийгээд нэр гэсэн хэсэгт нь хүүхдийнхээ нэрийг бичсэн байх, дансны дугаар хэсэгт картын дугаарыг оруулсан зэрэг тохиолдлууд гарч байна. Ингэснээр бидний зүгээс цаг тухайд нь олголтыг хийж чадахгүй байх талтай.
Өнөөдрийн байдлаар 895,873 иргэн баримт бүртгүүлснээс 250,000 орчим иргэдийн мэдээллийг дахин баталгаажуулах шаардлагатай байна. Энэ тал дээр арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна.
Харин 2017 оны хувьд энэ хууль үргэлжлэн хэрэгжинэ. Бид 2017 оны улсын төсөвт сугалаа болон буцаан олголт дээр нийт 80 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа” хэмээн тайлбарлалаа.
Одоогоор 20 хүртэл хувийн буцаан олголтын эрх үүссэн 618,862 иргэн 32,088,791,722 төгрөгийг авахаар болоод байгаа аж.
Иргэдийн мэдээлэл үнэн зөв байгаа тохиолдолд Төрийн сангаас сугалааны тохирлын мөнгө, татварын буцаан олголт хугацаандаа олгогдох юм.
Мөн Ebarimt.mn сайт болон гар утасны аппликэйшн дахь хэрэглэгчийн профайлд 2017 гэсэн цонх шинээр үүсэх бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэвлэгдсэн баримтууд бүртгэгдэж эхлэх юм байна.