Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Мөнхсайхан: “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн ЗАЛУУСТ зориулагдсан байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN

НЗДТГ-аас өнөөдөр “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний талаар мэдээлэл өглөө. Нийслэлээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бид “Улаанбаатарын мөнгөн үдэш” үйл ажиллагааг зохион байгуулахар бэлтгэл ажлаа хийж байгаа юм. Үйл ажиллагааг UBS телевизээр шууд дамжуулах аж. 

Тоглолтын найруулгыг  хариуцан ажиллаж буй Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан тус цэнгүүний талаар мэдээлэл өглөө. 

 

Тэрбээр “Нийслэлчүүд төв талбай дээрээ он гаргадаг уламжлалтай болоод олон жил болж байна. Өнөөдрөөс эхлээд тоглолтын тайз засагдана. Тоглолтыг судалгааны дагуу найруулсан гэж болно. Ихэвчлэн залуу хүмүүс талбай дээр ирж оноо гаргадаг гэсэн судалгаа гарсан учраас залуучуудад зориулсан тоглолтууд явагдана.

Мөн үзэгчид бүжиглэх сонирхолтой байдаг учраас тэр нөхцөл боломжийг нь бүрдүүлэхийг хичээж байна. Ер нь урд өмнөх жилүүдийнхээ тоглолтын сайн сайхныг аваад илүү гоё тоглолт зохион байгуулна. Тоглолтын хөтөлбөрийн талаар одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.  

31-нд талбайн хоёр талын замыг хаана

 

Замын хөдөлгөөний талаар  Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргал “2016 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралтын баярын өдрүүд үргэлжлэн тохион байгаа тул дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Жил бүр уламжлан зохион байгуулагддаг цэнгүүн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахтай холбоотойгоор талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх тул өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж арга хэмжээнд оролцохыг зөвлөе. 

Шинэ оны анхны нарыг харж, ажил үйлсээ даатгахыг хүссэн иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан, Багахангай дүүргийн нутгийг зорьдог. Энэ үед замын цагдаагийн албан хаагчид батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт зохицуулалт хийж ажиллана” гэв. 

Мөн энэ үеэр нийт 500 гаруй цагдаагийн албан хаагч Сүхбааатарын талбайд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ү.Хосбаяр мэдээллээ. 

32 автобус үйлчилнэ

Нийслэлийн тээврийн газрын орлогч Х.Булгаа шинэ жилийн цэнгүүн дууссаны дараа иргэдэд үйлчлэх автобусны чиглэлийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “2016 оны 12 дугаар сарын 31-ний нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 32 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос дараах суурьшлын цэгүүд рүү үйлчлэхээр зохион байгуулаад байна. Та бүхэн доорх зургаас харж автобусны чиглэлийн талаар мэдээлэл авна уу” гэв.