Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн эрхийг мартсан гурав дахь ээлжийн сурагчид

Б.Туул
2016 оны 12 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас болж бид жил бүр хүүхдүүдээ хохироосоор л байдаг. Энэ жил л гэхэд, нийслэлд цэцэрлэггүй 27 хороо бий. Үүнээс болж, цөөнгүй хүүхэд эцэг, эхийн асаргаанд, зарим нь айлд, зарим нь гэртээ цоожлуулан үлдэж байна. 
Мөн сургуулийн барилга хүрэлцээгүйн улмаас нийслэлд 30 гаруй сургууль өдрийн гурван ээлжээр хичээллэж байна.

“Нийслэлийн хэмжээнд цаашид ашиглах боломжгүй, олон жилийн насжилттай 50 гаруй сургууль, цэцэрлэгийн барилга бүртгэлтэй байдаг. 
Харин эдгээрээс энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй, хичээл сургалт явуулах боломжгүй 5-6 сургууль бий” гэдгийг албаныхан хэлж байсан.

Тиймээс зарим сургуулийн сурагчид оор сургуулийн хаяа бараадан хичээллэж байна. Сурч мэдэхийн төлөө айх цочихыг умартсан багачууд орой 20:00 цагийн орчимд, зарим нь бүр шөнийн 22:00 цагт гэрийн бараа харж байна. Тиймээс бил энэ удаа БЗД-ийн VIII хороо, Ботаникийн эцсийн буудал дээр байрладаг, “Амгалан" цогцолбор сургуулийг зорьж, гурав дахь ээлжийн бяцхан сурагчдын амьдралтай танилцсан юм.

Улсын хэмжээнд 34 сургууль гурван ээлжээр хичээллэж байна

“Амгалан” цогцолбор сургууль энэ хичээлийн жилд 2,800 гаруй хүүхэдтэй хичээллэж байна. 1976 онд баригдсан, ашиглалтад ороод 40 гаруй жил болж байгаа хуучны барилгатай. Хичээлийн гурван байртай ч хүүхдүүд нь арай ядан багталцдаг, бага сургуулийнх нь хүүхдүүд өдрийн гурван ээлжээр хичээллэдэг, анги дүүргэлт ихтэй сургуулиудын нэг.

Гуравдугаар ээлжид бага ангийнхан түлхүү хамрагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн сургуулийн үндсэн ангийн сурагчид хоёр ээлжээр хичээллэсний дараа гурав дахь ээлжид 1-3 дугаар ангийнхан түлхүү хичээллэдэг аж.

Үдээс хойш буюу 16:00 цагаас орсон сурагчдын зарим нь 19:30 цагийн орчим тардаг юм байна. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн олонх нь ажлаа тараад гэртээ харих үед гуравдугаар ээлжийнхэн хичээлдээ ирдэг гэсэн үг. Хол гэртэй зарим хүн хүүхдээ хүргэж ирээд тарахыг нь хүлээж, сургуулийн үүдэнд 3-4 цаг суух тохиолдол олон бий гэдгийг зарим эцэг, эхчүүд хэлж байсан.

Хүүхдээ хичээлд нь хүргэж ирдэг эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг сонсвол, “Ялангуяа, бага ангийнхан өдрийн гурван ээлжээр хичээллэхэд хүндрэл, бэрхшээлтэй зүйл олон байна. 

Хүүхдүүд сурах эрхээ эдэлж чадахгүй байна Сурагчид хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх сургалт, дугуйлан секцинд хамрагдаж чадахгүй байна. Хамгийн гол нь, эрүүл, аюулгүй орчимд амьдрах эрх Улаанбаатар хотод аль хэдийн алдагдсан энэ үед өглөө, орой ид утаан дундуур хичээл сургуульдаа явдаг хүүхдүүдэд агаарын бохирдол ямар их хортой нөлөө үзүүлж байгааг хэлэхэд бэрх байна. Мөн шөнийн харанхуйд осол аваарт орох, хулгай дээрэмд өртөх гэх мэт эрсдэлээс байнга айж эмээж явдаг” хэмээн учирлаж байв.

ТЭД ҮРГЭЛЖ АЙДАСТАЙ ХАРЬДАГ

Хүүхдийн эрх гээд яривал гурав дахь ээлжийн хүүхдүүдэд зорчигдож буй эрх олон бий аж. Өдрийн анги завсарлаад удаагүй, тухайн ангийн агаар солилцож амжаагүй шахам байхад гуравдугаар ээлжийн хүүхдүүдийн хичээл зорж ордог. Үдээс хойших анги 15:00-19:20 минут хүртэл хичээллэдэг. Бага насны хүүхдүүд хэт орой тарах, хол гэртэй хүмүүс нь хүүхдээ сургуульд нь өгч, авахаас эхлээд асуудал их үүсдэг. Гэсэн ч бидний нөөц бололцоо ийм байна” хэмээн багш нар ярьж байна. 

Энэ байдалд сургуулийн нөөц бололцооноос гадна эцэг, эхчүүд ч бас буруутай гэдгийг зарим сургуулийнхан хэлж байсан. Учир нь эцэг, эхчүүд товлосон хугацаандаа хүүхдээ бүртгүүлдэггүй, мөн хичээл эхэлсэн хойно шилжилт хийдэг зэргээс д болж зарим сургуульд ийм байдал үүсдэг ажээ. Анги танхимын хүрэлцээ энэ хэвээр байх юм бол ирэх жил байдал бүр ч хүндэрч магадгүй гэдгийг зарим багш нар хэлж байв.

Харин эцэг, эхчүүдийн зүгээс “Өвлийн цагт хүүхдүүд өглөө харанхуйд хичээлдээ явж, орой бүрэнхийд гэртээ харьдаг. Тиймээс бага, дунд ангийнхныг заавал нэг хүн хүргэж өгөх, орой тарахад нь тосох шаардлагатай болдог. Нийслэлийн ихэнх сургууль ачааллаа даахаа байж, гурван ээлжээр хичээллэдэг болсноос I ээлжийн хичээл өглөө 08:00 цагт эхэлж, III ээлжийнх нь орой 19:00 цагт тардаг. 

Хол гэртэй зарим хүүхдийг аав, ээж нь харих замдаа авах гэсээр байтал сургуулийн жижүүрийн дэргэд шөнийн 22:00 цаг хүртэл хүүхдүүд байж л байдаг. Авто замын осол, халтиргаа гулгаанаас болж бэртсэн хүүхэд ч цөөнгүй бий. Хамгийн наад зах нь харанхуй шөнө хичээлээсээ тарж яваа хүүхэд мөнхийн айдас тээсээр гэртээ харьдаг” гэж байв.

С.Мөнхцэцэг: Үдээс хойших ангиуд 15:00-19:20 цаг хүртэл  хичээллэдэг

“Амгалан ” цогцолбор сургуулийн Бага ангийн сургалтын менежер С.Мөнхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай сургуулийн гурав дахь ээлжид одоогоор нийт хэчнээн хүүхэд явж байна. Энэ талаар ерөнхий мэдээлэл өгөх үү?

-Манай сургууль 1-5 дугаар ангидаа нийг 1,520 гаруй сурагчтай, 44 бүлэгтэй.Гуравдугаар ээлжид есөн бүлэг буюу 296 сурагч суралцдаг. Энэ улиралд хоёрдугаар ангийн нэг бүлэг, гуравдугаар ангийн 3-4 бүлэг, дөрөвдүгээр ангийн дөрвөн бүлэг гээд нийтдээ есөн бүлэг гурав дахь ээлжид хичээллэж байна.

Таван цагтай ангиуд нь орой 19:20 цагт тардаг. Манай хүүхдүүд “Эмийн ургамал”, “Ургах наран”, “Баянзүрхийн товчоо” гэх мэт газруудаас, холоос явдаг. Эцэг эх нь ажлаа тараад ирж авах зэргээс шалтгаалаад хүүхэд оройтож харих тохиолдол олон байдаг. Хол гэртэй, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн, хүйтэрсэн үед хичээл сургуульд нь хүргэж өгч, авч чадахгүйгээс болж, хүүхдийнхээ хичээлийг тасдуулах тохиолдол бас мэр, сэр байдаг.

-Оройн ээлжид хичээллэх нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлдөг үү?

- Гадны улсуудын хүүхдийн сурлагын амжилт нэг ээлжээр хичээллэдэгт л оршдог. Сургалт нь нэг ээлжээр явагддаг учраас хүүхдүүд хичээлийн бусад цагт багштайгаа ажиллах боломж нь нээгддэг сайн талтай. Гэтэл манайд хоёр биш, бүр гурван ээлжээр хичээллэж байгаа нь сургалтын чанарт сөрөг нөлөөллийг авчирсаар байна.

Тухайлбал, өдөр бүр 15:00 цагаас хичээлдээ ирж байгаа хүүхдийн сурах идэвх сул байдаг. Зарим хүний ажил тарж байхад эдгээр хүүхдүүд маань хичээлдээ ирж байдаг. Гэсэн ч бид сургуулийнхаа нөхцөл байдал, сургалтынхаа боломжид тулгуурлаад улирал бүр гурав дахь ээлжийн хүүхдүүдээ сольж хичээллэдэг.

Биологийн цагийн хувьд аваад үзсэн ч идэвхгүй цаг шүү.дээ. Гэсэн ч бид дотоод нөөц бололцоогоо ашиглан асуудлаа зохицуулж байгаа. Эцэг, эх, багш, сургууль гурвын гурвалсан гэрээтэй учраас орой үдэш тарж байгаа хүүхдүүдээ гараас гарт нь хүлээлгэж өгдөг. Тухайн өдрийн ангийн багш, жижүүр багш энэ асуудалд анхаарал хандуулж ажилладаг.

Зураг