Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын мал сүргийн тоо өсч 61.5 сая толгойд хүрлээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 27
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр "2016 оны мал тооллогын урьдчилсан дүнг" танилцууллаа.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 61,542.0 мянган толгойд хүрч, 2015 оныхоос 9.9 хувь буюу 5,562.3 мянгаар өсчээ. Дашрамд дурдахад 2015 онд манай улс нийтдээ 55.9 сая мал тоолуулж байсан байна.

Урьдчилсан дүнгээс харахад адуун сүргийн тоо толгой 3,634.9 мянга, үхэр 4,080.3 мянга, тэмээ 401.3 мянга, хонь 27,853.4 мянга, ямаа 25,572.2 мянгад хүрч, 2015 оныхоос адуу 339.5 мянга, үхэр 299.9 мянга, тэмээ 33.4 мянга, хонь 2,910.2 мянга, ямаа 1,979.3 мянган толгойгоор өссөн байна. Үүнийг доорх тоон үзүүлэлтээр харууллаа.

Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа ҮСХ-ноос арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны хооронд мал тооллого явуулж дууссан. Тооллогод 223.7 мянган өрх хамрагдсан байгаа.

Энэ удаагийн тооллого 2013 оноос хойш хийгдээгүй байсан хяналтын тооллогыг ХХААХҮЯ-тай хамтран арванхоёрдугаар сарын 8-наас 17-ны өдрүүдэд 16 аймагт хийснээрээ онцлогтой.

Урьдчилсан дүнгээр 2016 оны эцсийн байдлаар Монгол Улсын малын тоо 61.5 сая толгойд хүрсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 5 сая 562 мянга 300 толгойгоор буюу 9.9 хувиар өссөн үзүүлэлт юм” гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 45.3 хувь, ямаа 41.6 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.5 пункт, үхрийнх 0.2 пунктээр буурч, хониных 0.7 пунктээр өсч, адуу, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна.

Тооллогын дүнгээр малын тоо Сүхбаатар, Дорноговь аймагт 40.6-48.6 мянган толгойгоор буурч, бусад аймаг, Улаанбаатар хотод 14.3-697.6 мянган толгойгоор өсч, Өвөрхангай, Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Баянхонгор аймгуудад малын тоо хамгийн их буюу 464.4-697.6 мянгаар өссөн байна.

Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 аймагт Өвөрхангай (5,208.6 мянга), Хөвсгөл (5,088.6 мянга), Архангай (5,009.4 мянга), Төв (4,704.7 мянга), Баянхонгор (4,236.3 мянга) аймгууд орж байгаа бөгөөд үүнийг доорх графикаас тодорхой харна уу.

Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл

Адуун сүргийн тоо

Дорноговь аймгаас бусад 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, адууны тоогоор Төв (382.4 мянга), Архангай (356.8 мянга), Өвөрхангай (323.4 мянга), Хэнтий (280.7 мянга), Сүхбаатар (274.6 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.

Үхэр сүргийн тоо

Сүхбаатар, Дорноговь аймгаас бусад 19 аймаг, Улаанбаатар хотод өсч, үхрийн тоогоор Архангай (581.2 мянга), Хөвсгөл (436.6 мянга), Төв (326.1 мянга), Хэнтий (296.2 мянга), Булган (293.6 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.

Тэмээн сүргийн тоо

Говьсүмбэр, Сүхбаатар аймгаас бусад 19 аймаг, Улаанбаатар хотод өсч, тэмээний тоогоор Өмнөговь (130.5 мянга), Баянхонгор (49.7 мянга), Говь-Алтай (38.5 мянга), Дорноговь (37.7 мянга), Дундговь (33.9 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.

Хонин сүргийн тоо

21 аймаг, Улаанбаатар хотод өсч хонины тоогоор Архангай (2,667.9 мянга), Хөвсгөл (2,488.7 мянга), Төв (2,442.0 мянга), Өвөрхангай (2,378.5 мянга), Хэнтий (1,937.9 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.

Ямаан сүргийн тоо

Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь аймгаас бусад 18 аймаг, Улаанбаатар хотод өсч, ямааны тоогоор Баянхонгор (2,569.1 мянга), Өвөрхангай (2,220.5 мянга), Говь-Алтай (2,173.9 мянга), Хөвсгөл (1,937.9 мянга), Ховд (1,685.7 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.