Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Масато Такока өнөөдөр ИЖБ барив

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такока өнөөдөр ИЖБ барив.

ИЖБ барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Масато Такокаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Масато Такокад баяр хүргэж амжилт хүслээ. Төрийн тэргүүн цааш нь хэлэхдээ “Япон, Монгол хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтож олон салбарт харилцаа идэвхтэй явж байгааг та сайн мэдэж байгаа байх. Улс төрийн түвшний харилцаа маш сайн явж байгаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын түвшинд айлчилж, уулзаж ярилцдаг. Ерөнхий сайд Ш.Абэтэй тогтоосон найрсаг сайхан харилцааг бид маш өндрөөр үнэлдэг. Миний хувьд түүнтэй ажил хэргийн шугамаар 10 гаруй удаа уулзаж ярилцсан.

Японы Цог жавхлант Эзэн хаан Монголоос очсон төлөөлөгчдийг элэгсгээр хүлээн авч бидний хооронд сайхан харилцаа тогтсон байдагт бид их баярлаж байдаг.

Монгол Улсын хөгжил дэвшилд Япон Улсын зүгээс үзүүлж ирсэн дэмжлэг туслалцаа маш их чухал үүрэгтэй байсан гэдгийг цохон тэмдэглэе. Хоёр орны хооронд Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, ажилдаа орж байна.

Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих, АШУИС-ийн дэргэдэх эмнэлэг, 18000 инженер бэлтгэх зэрэг том төслүүд хоёр орны хооронд амжилттай хэрэгжиж байна. Таны ажилд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам бүх талаар тусалж дэмжиж ажиллах болно” гэлээ.

 

Элчин сайд Масато Такока хариу хэлсэн үгэндээ “Монголд томилогдон ирсэн даруйд минь ИЖБ барих бололцоог олгосон нь та болон Монгол Улсын Засгийн газар хоёр орны харилцааг чухалчлан үзэж байгаагийн илрэл хэмээн миний бие хүндэтгэн харж байна.

Миний бие эх орноосоо мордохын өмнө Цог жавхлант Эзэн хаанд бараалхсан. Манай Эзэн хаан тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах хүсэлтэй байдаг гэдгийг минь дамжуулаарай гэсэн. Тэр үгийг одоо би танд хүргэж байна.

Мөн Ерөнхий сайд Ш.Абэгийн зүгээс Япон, Монголын харилцааг чухалчлан үзэж байгаа бөгөөд энэ харилцааг улам бат бэх болгох бодолтой байна гэдгээ хэлж байсан. Таны сая хэлсэнчлэн та болон Ерөнхий сайд Ш.Абэгийн хооронд олон удаа уулзалт, хэлэлцээ хийж, маш онцгой харилцааг хөгжүүлж ирсэн. Хоёр орны дээд түвшний харилцаа онцгой түвшинд явж байна. Энэ нь хоёр талын харилцаанд чухал нөлөө үзүүлж байна.

Япон, Монголын стратегийн түншлэлийн харилцаа гэдэг нэр томъёог эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг 2010 онд Японд айлчлах үеэр анх тогтоосон. Энэ харилцаа өнгөрсөн хэдхэн жилийн дотор маш бат бөх харилцаа болж хөгжлөө. Үүнийг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь миний хийх хамгийн чухал ажил юм.

Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эдийн засаг, гадаад худалдааны харилцаа  цаашдаа улам гүнзгийрч хөгжинө гэдэгт найдаж байна. Ирэх 2017 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо. Энэ ойг тохиолдуулан хоёр улсын хооронд тал бүрийн харилцааг илүү өргөн хөгжүүлнэ гэж найдаж байна. Энэ ажилд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны зүгээс дэмжлэг хүсье.

Япон, Монголын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд дунд хугацааны шинэ хөтөлбөрийг боловсруулах ажил хийж байна” гэв.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны харилцаа нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд ч чухал нөлөөтэйг тэмдэглэлээ.