Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунхорол: Улаанбаатарт тараагдсан сайжруулсан зуухны 50 хувь нь ашиглагдахгүй байгаа

Ж.Өөдлөн
2016 оны 12 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уг хуралдаанд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Агаар бохирдуулагч гол бодис PM10 тоосонцрыг 2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 11 цэгт 312 удаа тодорхойлоход 220 удаад нь буюу 71 хувьд нь стандартаас давсан байна. Харин РМ2.5 тоосонцрыг арваннэгдүгээр сард нийт зургаан цэгт 167 удаа тодорхойлоход 147 удаад нь буюу 88 хувьд нь стандартаас давжээ.

Азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламж ч өндөр гарч байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээ жилд 5.9 сая тонн бөгөөд үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байгаа.

Харин цахилгаан станцад түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа ч агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний зургаан хувийг эзэлж байгаа нь өндөр яндантай, утаа хол хаягддагтай холбоотой байгаа юм. Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд эдгээр автомашин агаарын бохирдлын хувь хэмжээний 10 хувийг эзэлж байна.

Ялангуяа түгжрэлд зогсч байгаа автомашин тормос гишгэх үедээ агаар бохирдуулагч хүнд металыг ихээр ялгаруулдаг” гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа. Мөн тэрбээр “2011 оноос өнөөдрийг хүртэл олон улсын хамтын ажиллагааны төслүүдийн үнийн хөнгөлөлт, “Цэвэр агаар сан”-гийн татаастай үнээр Улаанбаатар хотод 175 мянга 618 сайжруулсан зуух тараасан тухай БОАЖ-ын сайд мэдээлэлдээ дурдав.

“Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын 2015 оны нэгдсэн тоо, бүртгэл”- ийн дүнгээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 161 мянган зуух бүртгэгдсэн байна. Үүнээс 38 хувь буюу 61 мянга нь энгийн зуух, 62 хувь буюу 100 мянга өрх нь сайжруулсан зуух ашиглаж байна. Энэ тооллогын дүнгээс харахад, Улаанбаатар хотод тараагдсан сайжруулсан зуухны бараг 50 хувь нь ашиглагдахгүй байгаа.

Түүнчлэн өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 198 мянган өрхийн 30 хувь нь амьдралын нөхцөл боломж муугаас хуучин дугуй шатаах, ашигласан тээврийн хэрэгслийн тосонд тоосго дүрч шатаах, хог хаягдал түлж байгаа судалгааг гаргасан байна. Иймд дээрх түүхий нүүрсээ авч түлж чадахгүй байгаа иргэдийг халамжийн бодлогоор хяналттай зөв механизмаар сайжруулсан зуух болон түлшээр хангах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа” гэлээ. 

Агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орох нь зөв үү 

Уг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд агаар бохирдлын төлбөрийг бүрэн зарцуулж чаддаг бол асуудал арай өөр байх байсан биз. Гэтэл тэр мөнгө өөр зүйлд зарцуулагдаж байгааг гэдэг нь нууц биш. Уг нь Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар олборлосон нүүрсний нэг кг тутамд нэг төгрөг, импортлосон, үйлдвэрлэсэн органик уусгагчийн нэг кг тутамд 10 төгрөг, автомашины ангиллаас хамаарч жилд 1,800-9,500 төгрөг татвар хураах зохицуулалттай байдаг.

Дээрх төлбөрөөс жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг гэнэ. Гэвч агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж, зориулалтаараа зарцуулагдахгүй байгаа нь хуулийн амин сүнс болсон хэрэгжүүлэх механизм хангалтгүй байгааг харуулж байна гэдгийг салбарын сайд нь онцолж байсан.

Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Байгаль орчны хяналтын тогтолцоо нь Байгаль орчны яамнаас тусдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хэрэгжиж байгаа нь тогтолцооны хувьд буруу байгаа юм. Энэ бол бодлого, хяналт хоёр уялдахгүй байгаагийн нэг илрэл” гэсэн юм.

Мөн тэрбээр “УИХ, Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа. Тухайлбал, УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 2016 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж агаарын бохирдлыг бууруулах чиглэл, зөвлөмжийг гаргасан.

Мөн НҮБ-ийн Хүүхдийн сан болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Хүүхдийн Эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг хүлээн авах ажлыг зохион байгуулж холбогдох төрийн байгууллага аж ахуй нэгжүүдэд чиглэсэн санал зөвлөмжийг гаргасан.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 2016 оны анхдугаар хуралдаанаа зохион байгуулж тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа” гэдгийг дуулгасан юм. Өмнө нь хийгдэж байсан зүйлийн талаар тэрбээр “Агаар бохирдлыг бууруулах чиглэлээр “Цэвэр агаар сан”-гаас 2011-2015 онд 135 тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн гараагүй байгаа. Мөн буруу төлөвлөлт, алдаатай бодлого, салбар хоорондын уялдаагүй байдлын улмаас гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрүүд ч бодитой хэрэгжээгүй.

Түүнчлэн Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь мөн л асуудал дагуулж сайжруулсан болон шахмал түлшний үйлдвэрүүдийн хаалгыг барихад хүргэсэн. Тиймээс цаашид өнгөрсөн алдаагаа давтахгүй, салбар хоорондын бодлогын уялдааг хангаж ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн өнөөгийн хөрөнгө санхүүгийнхээ нөхцөлд түшиглэсэн зөв бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа.

Ер нь бол хамгийн хүчтэй Засгийн газар ч агаарыг бохирдлыг дангаараа шийдвэрлэж чадахгүй. Иргэдийн ухамсар, оролцоо, хариуцлага чухал гэдгийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцолсон юм. Тиймээс энэ хүрээнд БОАЖЯ- наас агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, мэдлэг мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын бохирдлыг бууруулахад - Иргэн таны оролцоо” аяныг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс эхлүүлж байгаа аж.

Зураг