Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Тавантолгойтой холбоотой ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгдээгүй байгаа гэсэн

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл хийлээ. 


Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа “Өнөөдөр бүлгийн хурлаар Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулга болон шалгалтын дүнтэй холбоотой асуудлаар санал солилцлоо. 

Мөн Тавантолгой төсөлтэй холбоотой мэдээллээр Засгийн газрынхныг дуудаж, тодорхой мэдээлэл авлаа. 

Хөгжлийн банкны шалгалтын дүн болох 200 гаруй хуудас материалыг өнгөрөгч Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан тарахын өмнө Засгийн газраас манай бүлэг дээр нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн. Нууцын зэрэглэлтэй материалыг аваад шууд чуулганы танхимаас цацаж байгаа нь хууль зөрчиж байна гэж сая бүлэг дээр үзсэн. 
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банктай холбоотой нууцын зэрэглэлтэй материалыг нууцын зэрэглэлээс гаргахын тулд тусгай процедуртай байдаг. Бүлэг дээр нэгэнт олон түмэнд ил цацсан болохоор холбогдох байгууллагад хандаад нууцын зэрэглэлээс гаргаж тавь гэж байгаа.    

Ингээд Хөгжлийн банкаар дамжсан төсөл, хөтөлбөрүүд хуулийн дагуу явагдсан уу гэдгийг эхний ээлжинд тогтоох ажлын хэсгийг Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулж байгуулсан. Өнөөгийн мөрдөж байгаа хуулийн дагуу төсөл, хөтөлбөрүүд явагдсан уу гэдгийг энэ ажлын хэсэг ил гаргаж тавья гэж байгаа. 

АН-ынхан “Монполимет” болон “МАК”-ийн авсан зээлүүдийг голлож МАН-ынхан авсан гэж яриад байгаа. Сонгуулийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дээрх хоёр үйлдвэрийн нээлтэн дээр очиж, тууз хайчлаад, “Хөгжлийн банкнаас олгосон хамгийн үр ашигтай төсөл энэ боллоо” гэж байсан. Тиймээс энэ мэдээлэл үнэн үү, худлаа юу гэдгийг ил гаргаж тавих ёстой гэдэг үүднээс энэ асуудлыг ярьсан” гэлээ. 

Мөн тэрбээр Тавантолгой төслийн талаар “Тавантолгойтой холбоотой асуудал хэвлэлээр цацагдаж байна. Ингэхдээ Тавантолгойн ордын 49 хувийг 400 сая ам.доллараар зарна гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тиймээс уг асуудлаар намын бүлэг Засгийн газрын мэдээллийг сонслоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэлэхдээ “Тавантолгой төсөл эхлэлийн шатанд байна. Яамны зүгээс компаниудад тавиад, нөхцөл боломжоо танилцуулж байгаа. Түүнээс биш тохиролцоод гэрээ хэлэлцээр хийсэн зүйл байхгүй. 49 хувь гэдэг бол Засгийн газрын түвшинд ярьж байгаа хувилбаруудын нэг юм. Засгийн газар 2-3 хувилбар дэвшүүлээд хамгийн үр дүнтэй хувилбараа сонгож, УИХ-д танилцуулна. Тавантолгойн гэрээ хэлэлцээр хуулийн дагуу явагдана гэдгийг Засгийн газар мэдэгдсэн“ гэв.