Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Орос орон даяар үндэсний гашуудал зарлаж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Хар тэнгист цэргийн онгоц осолдож, 92 хүний амь үрэгдсэний дараа ерөнхийлөгч Владимир Путин 26-ны Даваа гарагийг Орос орон даяар үндэсний гашуудлын өдөр болгох шийдвэр гаргажээ.

Зорчигчдын ихэнх нь Александровын нэрэмжит армийн дуу, бүжгийн чуулгын найрал дуучид, хөгжимчид байсан бөгөөд Сири дэх Оросын цэргийн баазад шинэ жилийн тоглолт хийхээр аялж байсан юм. Мөн тэднийг сурвалжлахаар ОРТ, НТВ, Звезда телевизийн сувгуудын тус бүр гурван ажилтан багтсан байна.

Москвагаас хөөрсөн онгоц Сочид түр бууж шатахуунаар цэнэглэсэн юм. Гэвч Сочигоос хөөрсөн онгоц удалгүй холбоо тасарсан байна. Эрлийнхэн Хар тэнгисийн эргээс 1.5 км зайнд, 50-70 метрийн гүнд онгоцны сэг байгааг илрүүлсэн ч эх биеийг олж чадаагүй байгаа юм.

Мөн энэ сэгний ойролцоогоос 11 хүний цогцос олжээ.

Зорчигчдын дотор армийн чуулгын 64 уран бүтээлч, түүний дотор нэрт удирдаач Валерий Халилов багтсан байна. Мөн Путины хүний эрхийн зөвлөх, нэртэй нийгмийн зүтгэлтэн, Доктор Лиза нэрээр алдаршсан Елизавета Глинка зорчигчдын дотор байсан гэнэ.

Ту-154 онгоц нь Зөвлөлтийн үеийн хуучин онгоц тул хар хайрцагнаас нь байрлалыг илэрхийлсэн дохиолол цацагддаггүйгээс илрүүлэх ажиллагаа удааширч байна.

Мөн энэ онгоцыг 1994 оноос арилжааны нислэгт ашиглахаа больсон хэдий ч армийнхан өнөөг хүртэл ашигласаар байжээ. 2000-аад оноос хойш Ту-154-ийн хэд хэдэн том осол гарч нийт 800 орчим хүний аминд хүрээд байгаа. Үүний нэг жишээ нь 2010 онд Смоленск хотын ойролцоо Польшийн ерөнхийлөгч Лех Качинскийн зорчиж байсан онгоц осолдсон тохиолдол байв.

Шинжээчдийн дүгнэлтээр осол гарах болсон гурван шалтгаан байж болзошгүй нь техникийн гэмтэл, хүний алдаа, террорист халдлага. Армийн онгоц тул террорист халдлага хийх боломж тун бага гэж үзэж байгаа гэнэ.

Уг Ty-154 онгоц нь 1983 оноос эхлэн 7,000 цагийн нислэг үйлдсэн, 2014 оны есдүгээр сард хамгийн сүүлд засварт орж байжээ.

Эрлийн ажиллагаанд олон тооны нисдэг тэрэг, дрон, завь ашиглагдаж, 3,000 орчим хүн оролцож байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty