Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Америк дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр 2017 онд тэмдэглэнэ

ikon.mn
2016 оны 12 сарын 26
iKon.MN
 

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр тал 2017 онд хамтран тэмдэглэнэ.

Энэ хүрээнд талууд олон ажил хамтран хэрэгжүүлэх бөгөөд эдгээрийн эхлэл болгож, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ж.Гаалт нар 30 жилийн ойн логог албан ёсоор танилцуулав.

Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч юм. Манай хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, ялангуяа хоёр орны ард түмэн хоорондын нягт, дотно харилцаа гүнзгийрч, батжиж байна.

Энэ жил АНУ-ын Энхтайвны корпусын анхны сайн дурын ажилтнууд Монголд ирж ажилласны 25 жилийн ой мөн тохиож байна. Өнгөрсөн хугацаанд 1,200 шахам сайн дурынхан манай орны хот, хөдөөд ажилласан. Мөн энэ жил дэлхийд алдартай АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн 70 жилийн ой болсон. Монголын 350 гаруй залуус энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-д боловсрол эзэмшсэн.

 

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Засгийн газар Монгол Улсыг Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээ байгуулах орноор дахин шалгаруулсан билээ. Саяхан талууд улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтаа амжилттай хийж, түүгээр цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, тохиролцсон.

Ийнхүү Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж, идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр тал 2017 онд эдгээр амжилтаа бататгаж, харилцааны цаашдын зорилтоо тодорхойлж, 30 жилийн ойгоо хамтран өргөнөөр тэмдэглэх болно.

Эх сурвалж: ГХЯ