Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мацүмото Каори: Д.Сумъяаг хэт бардсанаас болж ялагдсан

Б.Даваахүү
2016 оны 12 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

Мацүмото Каори бол Японы шилдэг эмэгтэй тамирчдын нэг. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпийн эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ийн жинд зодоглон алтан медаль хүртэж, 2010, 2011 оны Дэлхийн АШТ-нд мөн л түрүүлж байв. Дэлхийн жүдо бөхийн спортын ертөнцөд “Чоно” гэх нэрээр алдаршсан тэрбээр энэ зуны Рио де Жанейрогийн олимпийн наадмын хагас шигшээд манай тамирчин Д.Сумъяатай таарч, ялагдсан удаатай. Гэсэн ч, олимпийн хүрэл медалиар энгэрээ мялаасан билээ. Тэгвэл алдарт тамирчны олимпийн талаарх сэтгэгдэл хийгээд бага насны он жилүүд, цаашдын зорилгынхоо талаар орон нутгийн хэвлэлд хэрхэн ярьсныг орчуулан хүргэж байна. 

-Каори Мацүмото багаасаа жүдогоор хичээллэж эхэлсэн. Дөнгөж спортод хөл тавьж байсан тэр үеэ эргээд дурсаач?

-Миний ах эхлээд жүдогоор хичээллэж эхэлсэн юм. Тэгээд л ахынхаа нөлөөгөөр зургаан нас хүрэхийн өмнөхөн Ивай жүдогийн сургуульд явж эхэлсэн. Тухайн үед ээжийн “чихэр өгнө шүү” гэх үгэнд  нь хууртагдаж, жүдогийнхоо дэвжээ рүү явж байсан үе ч бий. Бэлтгэлийн дэвжээ тун ч хатуу.

Эхэндээ  хагас жил орчим хугацаанд  долоо хоногтоо ганц удаа  зүгээр л барилдааны  бэлтгэл хийдэг байсан. Ер нь миний  өнөөгийн арга барилд   тухайн үеийн  бэлтгэл нөлөөлсөн юм болов уу гэж боддог юм. Бэлтгэл сургуулилт хийсний ачаар мэх маань ч гэсэн бага багаар сайжирч байлаа. 

-Ахлах сургуулийн сурагч болохдоо  ч жүдогийн бэлтгэлээ үргэлжлүүлсээр байсан уу?

-Фүжимүрагийн охидын ахлах сургуульд орох үедээ “Mitsui Sumitomo”-гийн  талбайг түрээсэлж, бэлтгэлээ хийж эхэлсэн. Гэхдээ надад тэндэхийн жүдогийн арга барил нэг л наалдаж өгөхгүй байгаа юм шиг санагдаад  ахлах сургуулийн хоёрдугаар ангид орох жилээ Каназава сургуульд элсэж, тэндээсээ Тэйкёо их сургуульд дэвшин суралцсан юм.

Харин 2008 онд Бээжингийн Олимпийн жүдогийн баг тамирчны бэлтгэл хангагчаар  сонгогдож, тэр үеэс эхлэн олон улсын чанартай Жүдо бөхийн тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн дээ. Тэр үед хэдий бэлтгэл хангагчаар  оролцсон ч, том тэмцээнд орох анхны алхмаа хийчихлээ гэж бодож, 2012 оны олимпод өөрөө оролцох том зорилго тавьж билээ. 

-Лондонгийн олимпоос алтан медаль авсныхаа дараа та аавыгаа халшрах синдромтой гэдгийг нь мэдсэн гэсэн?

-Лондонгийн олимпод оролцож, алтан медаль авах зорилгоо биелүүлсний дараа халшрах синдром туссан мэт л сэтгэл ханаж билээ. Тэгээд л бараг нэг жил орчим амралтын байдалтай байсан. Бэлтгэл хийж байсан ч, төдийлөн идэвх гаргалгүй зүгээр л цагаа жүдод зориулан өнгөрүүлдэг байлаа.

Жил орчим амарсны эцэст 2016 оны Риогийн олимпод жинхэнэ утгаар нь бэлтгэж эхэлсэн ч,  сэтгэлд том хар нүх үүсэх мэт нөхцөл байдалтай тулгарсан.  Нэг удаа  би  хүний сэтгэцийн өвчлөлтэй  холбоотой номыг сонирхож уншсан юм.

Гэтэл түүнээс аавыгаа олж хараад, санаа зовниж эхэлсэн. “Хүн гэж юу вэ, Хүн яагаад өвчилдөг вэ” гэх гарчигтай номууд  ширээн дээр өрөөстэй байгааг хараад  аав минь харин  намайг ямар нэг сэтгэцийн өвчин туссан юм байх даа гэж бодсон гэсэн. Тэр үед аав “Намайг Рио де Жанейрогийн олимпод дагуулаад яваач” гэж хэлж билээ.

Надад ааваас өөр сэтгэл зовних асуудал байгаагүй ч, “аав намайг дэмжих гэж байгаа юм болов уу” л гэж бодож билээ.  Аавын тэр үг Риогийн олимпод оролцох зорилгыг минь улам хурцалж өгсөн. 

-Аавыгаа сэтгэцийн өвчтэй гэдгийг мэдсэн гэлээ. Тэгээд  Рио де Жанейрогийн наадамд оролцох хүртэл таны сэтгэлзүйн байдал ямаршуу байв даа?

-2016 оны дөрөвдүгээр сард болсон Японы жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд ялагдсан. Гэсэн ч, Риогийн олимпод оролцох эрхээ авсан юм. Тэмцээнд ялагдсан нь миний алдаа гэж бодон гэмшиж бас харамсч байсан ч, Риогийн олимпод багаа доош таталгүй заавал медаль авах ёстой гэж бодсон.

Лондонгийн олимпод оролцох үедээ би зөвхөн өмнөхөө харж, тэмцээнээсээ өөр юу ч бодож, сатаарч байгаагүй. Тийм учраас энэ мэт туршлагадаа үндэслэн Рио де Жанейрогийн олимп хүртэл маш тайвнаар “Тэмцээний өдөр хүртэл юу хийх ёстой вэ” гэдгээ тунгаах хэрэгтэй байлаа.

Гэтэл Риогийн олимпийн өмнөхөн  болсон “World Masters” тэмцээнд ялагдсан ч, олимп хүртэл бэлтгэл сургуулилтаа шинэчлэх хугацаа байсан учраас төдийлөн сандраагүй. 

-Риогийн эхний барилдуунуудын талаар яриач?

-Рио де Жанейрогийн олимпийн үеэр хагас шигшээд өвдөг шороодох хүртэл ямар ч саад надад байхгүй  мэт санагдаж байлаа. Ингэхдээ хамгийн эхний барилдааныг Зааны ясан эрэг улсын Зулехиа Абзеттатай хийсэн. Тэр үед тайван барилдаж байгаад  л ялчихсан. Харин дараа нь Францын Отон Павьятай таарсан.

Бид олон жил таарч байсан учраас “Энэ удаа ч гэсэн ялна” гэж бодож байсан юм. Тэгээд эхэндээ онооны давамгай байдлаар ялахаар төлөвлөсөн ч, тактикаа өөрчилсний эцэст ялсан.  

-Медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд ялагдсан шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Том уул гэж төсөөлж байсан хэсгийн аваргын барилдаанаас  гарсны дараа хагас шигшээд  тун хайхрамжгүй барилдсан гэж одоо боддог. Монголын жүдоч Д.Сумъяатай хийсэн барилдаанд ялагдах үед ч, “Сул өрсөлдөгч таарлаа” гээд бодчихсон байсан. Ер нь олимпод оролцохдоо  тэмцээн дуусах хүртэл өрсөлдөгчөө бардаж болдоггүй.

Нэг удаа л “сул өрсөлдөгч” гээд бодчихвол мэх хийх, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болчихдог юм. Хэт бардсан маань л миний ялагдлын шалтгаан болсон юм  уу даа. 

 

-Тэр ялагдлаас та юу сурав гэдэг одоо хамгийн чухал болов уу?

-Риогийн олимпийн хүрэл медалийн төлөө Тайванийн бөх Лин Чен Линтэй барилдаж ялсан. Ний нуугүй хэлэхэд, тэмцээн дуусах мөчид “за дууслаа” л гэж бодсоноос биш хүрэл медаль авсандаа баярлаагүй. “Яагаад хагас шигшээд тийм хайнга байдал гаргачихав” гэдэгтээ л  харамсч байлаа. Энэ гэмшил одоо ч өөрчлөгдөөгүй.

Хэрвээ би Риод одтой байж, алтан медаль хүртсэн бол зүгээр л баярлаж, цаашдын жүдогийн арга барилынхаа талаар гүн гүнзгий бодол тээхгүй байсан байх.

Бодож санах зүйлгүй, хэн юу гэж бодож буйг ч анзаарахгүй “Би бүхнийг зөв хийсэн учраас л медаль хүртсэн” гэж бодох байлаа. Спортын ертөнцөд ялагч өөрийнхөө үйлдэл бүрийг зөвтгөдөг. Лондонгийн олимпийн дараа Риогийн олимпод бэлтгэж байхдаа ч би хүмүүсийн надад хэлж буй үг, шүүмжийг төдийлөн сонсдоггүй байсан юм шиг санагддаг.  

Харин тэр ялагдлын дараа ингэж бодоход хүрсэн. Хувь хүн талаасаа сайн сургамж болсон байж магадгүй. 

-Дараагийн олимп Токиод болно шүү дээ. Энэ талаар?

-2020 оны Токиогийн олимп хөгжөөн дэмжигчдийн яг дэргэд болно. Энэ утгаараа онцгой боломж учраас мэдээж, оролцохыг хүсч байна. Риогийн олимпийг үзсэн хүмүүс “Мацүмотогийн барилдахыг хараад урам зориг орсон”, “Энэ барилдаан амаргүй байсан ч, ахиад жаахан хичээх хэрэгтэй гэж бодлоо” гэсэн үгсийг надад хэлж байсан. Тэр үед зөвхөн өөрийнхөө төлөө барилддаг жүдо түмний төлөөх жүдогоор солигдсон мэт санагдаж, үнэхээр их баярлаж билээ. 

Зураг