Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойн 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагчаар MCS групп тодорчээ

Б.Дамдин-Очир, Зууны мэдээ
2016 оны 12 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

-Үүний 34 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшихээр тохиролцож байгаа бололтой-

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн MCS группийн “Энержи Ресурс” ХХК, “Чайна Шинхуа Энержи” компани, “Сумитомо” корпорацитай уржигдраас хэлэлцээ хийж эхэлсэн. Энэ хэлэлцээ нь гэрээний нөхцөлийг сайжруулж, санал, дүгнэлт боловсруулах зорилготой гэж Засгийн газраас мэдэгдэж байгаа.

Уржигдар буюу энэ сарын 21-нд эхэлсэн уулзалтад түншлэлийн гишүүд бүгд оролцжээ. Сануулахад, энэхүү түншлэл нь 2010 онд зарлагдаж, 2014 онд болсон сонгон шалгаруулалтад шалгарсан боловч өнөөг хүртэл гэрээ, хэлэлцээ эцэслэн байгуулаагүй байсан юм.

Тухайн үед сонгон шалгаруулалтад “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшдэг найман тусгай зөвшөөрлөөс зөвхөн зүүн, баруун Цанхи дахь дөрвөн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нүүрсний нөөцийг ашиглахаар Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байдаг. Уг дөрвөн тусгай зөвшөөрөлд хамаарах талбай дахь нүүрсний геологийн нөөц нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТЭЗҮ-д 2.2 тэрбум тонн гэж тооцжээ.

Уулзалтын үеэр ажлын хэсгээс хэлэлцээний үндсэн нөхцөлүүд болох Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, “Шинхуа Энержи” компани 49 хувийг эзэмших саналаа танилцуулжээ.

Мөн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хугацааг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай уялдуулан 22 жил байна. Тодорхой шаардлага хангасан тохиолдолд гэрээний хугацааг сунгаж болохоор, түүнчлэн төслийн зорилтот зах зээлийг БНХАУ төдийгүй гуравдагч орон байх санал тавьсан байна.

Төслийн хэрэгжилтэд Монголын компаниудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монголын дотоодын аж ахуйн нэгжийг сонгох, тэдгээр аж ахуйн нэгжтэй таваас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах саналыг ажлын хэсгээс тавьсан байна.

Хэлэлцээний явцад тодорхой болгох шаардлагатай тээврийн тариф, хамтын ажиллагааны төлбөр зэрэг бусад үндсэн нөхцөлийн талаар санал солилцон хэлэлцээ үргэлжилж байна гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамныхан мэдээлж байгаа.

Ийн хэлэлцээ эхэлсэн ч нэр нь гаралгүй, байнга яригдаж буй Монголын талын хөрөнгө оруулагч бий. Т эгвэл тэрхүү хөрөнгө оруулагчийн нэр хэдийн тодорчээ. Энэ талаарх баримт бидэнд олдсон юм. Энэ бол MCS группийн “Энержи ресурс корпорац” ажээ. Бидний олсон баримт нь “Энержи ресурс корпорац” ХХК-ийн 34 хувийг давуу эрхийн хувьцаагаар үнэ төлбөргүйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх ерөнхий нөхцөл юм.

Үүнд зааснаар Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх тендерийн хүрээнд нэгдсэн олборлолт, баяжуулалт, борлуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хариуцан ажиллах төслийн компанийн 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагч компанийн нийт гаргасан хувьцааны 34 хувьтай тэнцэх, энгийн хувьцаанд үл хөрвөх давуу эрхийн хувьцааг шинээр гаргаж, “Эрдэнэс Тавантолгой”-д үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм байна.

Мөн энэ нь Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх тендерийн хүрээнд хийгдэх Хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаар хүчин төгөлдөр болж, уг гэрээг үйлчлэх хугацаанд хүчинтэй ажээ.

Түүнчлэн төслийн компаниас Монголын талын хөрөнгө оруулагч компаниуд хуваарилагдсан татварын дараах ногдол ашгаас компанийн үйл ажиллагааны зардал, санхүүжилтийн зардал, татвар хураамжийг төлж, арилжааны болон хувь нийлүүлэгчдийн зээлийн эргэн төлөлт хийгдсэний дараа үлдсэн хэсгийг компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрээр ногдол ашиг болгон хуваарилах тохиолдолд хувь нийлүүлэгчид өөрийн өмчлөлийн хувьцаанд тэнцэх хэмжээгээр ногдол ашиг хүртэх бөгөөд холбогдох татвар хураамжийг зохих хуулийн дагуу суутгуулан төлнө гэж заажээ.

Эндээс үзэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордын 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагч “Энержи ресурс корпорац” компанийн хувьцаа эзэмшигч болж буй юм байна. Үүний ерөнхий нөхцөлийг бүрэн эхээр нь танилцуулъя.

Талууд

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, Файнанс төв, 3-р давхар.Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14200, Монгол Улс хаягт орших Эрдэнэс Таван Толгой төрийн өмчит хувьцаат компани ("Давуу эрхийн хувьцаа эзэмшигч” эсвэл "ЭТТ”)

 

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, Сэнтрал Тауэр, 16-р давхар, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14,200, Монгол Улс хаягт орших Энержи Ресурс Корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компани (“Монголын талын хөрөнгө оруулагч компани" эсвэл “Компани")

Зохицуулах зүйл 

Таван толгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх тендерийн хүрээнд нэгдсэн олборлолт, баяжуулалт, борлуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хариуцан ажиллах төслийн компанийн 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагч компанийн нийт гаргасан хувьцааны 34 хувьтай тэнцэх, энгийн хувьцаанд үл хөрвөх давуу эрхийн хувьцааг шинээр гаргаж ЭТТ-д үнэ төлбөргүй эзэмшүүлэх

Хугацаа

Таван толгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх тендерийн хүрээнд хийгдэх Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаар хүчин төгөлдөр болох бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хамтын ажиллагааны гэрээ үйлчлэх хугацаанд хүчинтэй хэвээр байна.

Давуу эрхийн хугацааны саналын эрх

Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд дараах тохиолдолд саналын эрхтэй оролцоно:

  1. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлахдаа түүний эрхийг хязгаарласан заалтыг оруулж байгаа бол;

  2. Компанийг өөрчлөн байгуулах явцад давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаа, бусад төрлийн үнэт цаас болон бусад хөрөнгөд хөрвүүлж байгаа бол.

 

Энд заасан асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй Давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн саналын олонхоор шийдвэрлэнэ.

 

Давуу эрхийн 1 хувьцаа 1 саналын эрхтэй байна.

Давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг

Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:  

  1. Компанийн эрх бүхий этгээдээс тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжид авах.  

  2. Компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон өөрийн эзэмшлийн хувьцааны татан буулгалтын үнийг тэргүүн ээлжид авах  

  3. Компанийг татан буулгах тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчид ногдох хөрөнгийг олгохоос өмнө дарааллын дагуу давуу эрхийн хувьцаа эзэмшигчид татан буулгалтын үнэ, төлөгдөөгүй ногдол ашгийг төлөх  

  4. Компани өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт хувьцаа гаргасан тохиолдолд Давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн өмчлөлийн 34 хувийг бууруулахгүй байх хэмжээнд энгийн хувьцаанд үл хөрвөх давуу эрхийн хувьцааг шинээр гаргаж үнэ төлбөргүй эзэмшүүлэх  

  5. Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь төслийн компанийн хөрөнгө санхүүжилттэй холбоотой аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй  

  6. Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшилд байгаа давуу эрхийн хувьцаагаа хэсэгчлэн болон бүтнээр нь бусдад шилжүүлэх тохиолдолд ижил нөхцөлөөр эргүүлэн худалдаж авахыг компанид тэргүүн ээлжид санал болгоно.

Ногдол ашиг 

Төслийн компаниас Монголын талын хөрөнгө оруулагч компанид хуваарилагдсан татварын дараах ногдол ашгаас компанийн үйл ажиллагааны зардал, санхүүжилтийн зардал, татвар хураамжийг төлж, арилжааны болон хувь нийлүүлэгчдийн зээлийн эргэн төлөлт хийгдсэний дараа үлдсэн хэсгийг компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрээр ногдол ашиг болгон хуваарилах тохиолдолд хувь нийлүүлэгчид өөрийн өмчлөлийн хувьцаанд тэнцэх хэмжээгээр ногдол ашиг хүртэх бөгөөд холбогдох татвар хураамжийг зохих хууль журмын дагуу суутгуулан төлнө.

Компанийн засаглал 

Монголын талын хөрөнгө оруулагч компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд Компанийн тухай хуулийн дагуу зарлан хуралдуулна.

 

Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хуралд Компанийн тухай хуулиар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигчид олгосон эрхийн хүрээнд оролцоно.

Нууцлал

Талууд энэхүү нөхцөлүүд болон үүнтэй холбоотойгоор бүх харилцан солилцсон мэдээллийн агуулга зэргийг нууцлалыг хадгална.

 

Аль нэг тал нь хууль болон эрх бүхий байгууллагаас шаардсан болон Таван толгойн ордыг цогцоор хөгжүүлэх тендерт хамтран оролцсон Консорциумын гишүүдэд хүргүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талын зөвшөөрөлгүйгээр нууц мэдээллийг задруулах, ашиглах, гуравдагч этгээдэд гаргаж өгөх, эсвэл холбоотой баримт, материалыг нийтийн хүртээл болгох, тараахыг хориглоно.

Гэрээг дуусгавар болгох нөхцөлүүд

Хууль тогтоомжийн нөхцөл шаардлагуудыг хангах уүнд хэрвээ шаардлагатай бол эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авснаар гэрээ дуусгавар болно.

Хэрэглэгдэх хууль

Монгол Улсын хууль

Зураг