Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Apple, Nokia компаниудын хооронд “патентийн дайн” эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Apple, Nokia компаниуд 2011 онд патентийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж байсан түүхтэй. Тэгвэл тэдний хооронд дахин шинэ маргаан эхэлжээ.

Эхлээд Apple компани шууд Nokia-г бус түүний өмнөөс патентийг нь борлуулах эрхтэй PAE (Patent Assertion Entities) компаниудыг шүүхэд өгсөн юм. Харин дараа нь Nokia компани Apple-ийг шүүхэд өчигдөр өгсөн байна.

Apple уг нь Nokia-тай гэрээ байгуулж патентийг нь эзэмшдэг боловч, зарим патентийг нь шилжүүлж авсан PAE компаниуд дахин гэрээ хийж, давхар орлого олохыг санаархаж байна гэж гомдолложээ.

Ингэснээрээ Nokia нэг патентаас давхар орлого олохын тулд “мөнгөний хойноос хэт улайрсан” гэж Apple үзсэн байна.

Харин Nokia компани Apple-ийг өөрт нь төлөх ёстой патентийн хураамжаа дутуу төлж байна хэмээн буруутгажээ.

Nokia-гийн нэхэмжлэлд дэлгэц, хэрэглэгчийн интерфэйс, програм хангамж, видео кодлох технологитой холбоотой нийт 32 патент багтсан байна.

Өмнө нь 2009 онд Nokia Apple компанийг зарим патентийг нь үнэгүй ашиглаж байсанд буруутгасан бол Apple тэдний нэхэмжилж байгаа патентууд нь үйлдвэрлэгчдийн хувьд үнэгүй хэрэглэгдэх ёстой, хэн нэгэнд өмчлөгдөх ёсгүй оюуны бүтээл гэж эсэргүүцэж байв.

Эцэстээ компаниуд тохиролцоонд хүрч Apple нэг удаагийн төлбөр Nokia-д төлөөд, цаашдаа тогтмол хураамж төлж байхаар шийдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: The Verge