Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Эрэгзэн: "Монголын археологийн сонгомол өв" ботид 2,000 орчим олдворын гэрэл зургийг оруулсан

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн “Монголын археологийн сонгомол өв” 2 боть номын нээлт өнөөдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар боллоо. 

Доктор, профессор С.Чулуун, доктор, профессор Д.Цэвээндорж нарын баг эрдэмтдийн бүтээсэн “Монгол археологийн сонгомол өв” 6 боть цуврал бүтээл нь 2016 оны “Шилдэг бүтээл”-ээр шалгарсан бөгөөд тус бүтээлийг эмхэтгэн 2 боть болгон хэвлүүлсэн нь энэ юм. 

Энэ талаар Шинжлэх Ухааны Академийн Түүх Археологийн Хүрээлэнгийн доктор Г.Эрэгзэн “Энэхүү ном бол Монголын Археологийн Сонгомол Өв гэх хоёр боть бүтээл байгаа.

2016 оны Монгол Улсын шилдэг шинжлэх ухааны бүтээл шагналыг авсан. "Монголын Археологийн Өв" гэх зургаан боть байдаг бөгөөд үүнийг хураангуйлсан бүтээл юм.  

Энэхүү бүтээлд сүүлийн 50, 60 жилийн хугацаанд Монголын археологичдийн хийсэн судалгааны үр дүнг нэгтэн, голдуу гэрэл зургаар товч тайлбарын хамт оруулсан. 

Тухайлбал, чулуун зэвсэг, эртний булш оршуулга, хүн чулуун хөшөө, буган чулуун хөшөө, хадны зураг, шавар ваар сав гэсэн зургаан төрлийн 1,500 гаруй дурсгалт газрын гэрэл зураг, 2,000 орчим олдворын гэрэл зургийг оруулсан.

 

Монгол дахь археологийн судалгааны хувьд бид гадны хөрөнгө оруулалтаар, гадны эрдэмтэн судлаачидтай хамтарч судалгаа хийж ирсэн.

Энэ төрлийн салбарт голдуу хээрийн судалгаа хийдэг учраас хөрөнгө мөнгө нэлээд шаардлагатай байдаг. Харин сүүлийн жилүүдэд манай төр засгаас анхаарч ажиллаж байна.

Археологийн салбарын хамгийн том асуудал бол олдворуудын хадгалалт хамгаалалт болон хүмүүст судалгааны ажлын үр дүнг таниулах ажил байна. Манай улсын хувьд лабораторийн нөхцөл байдал, хадгалалтын орчин хангалтгүй байна.

Тиймээс бид манай хүрээлэнгийн зүгээс Монголын Үндэсний Археологийн Музей байгуулах тал дээр ажиллаж байна. Музей байгуулагдвал лабораторийн асуудал болон судалгааны үр дүнг нийтэд таниулах боломж бололцоо бүрэн нээгдэх юм” хэмээн тайлбарлалаа.

Номын нээлтэд БСШУС-ын Сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, номын зохиогчид болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо. 

Тус номын талаар болон Монголын Археологийн Шинжлэх Ухааны салбарыг дэмжиж ажиллах талаар Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ж.Батсуурь “Соёлын үнэт өвийг оруулсан ном гаргалаа.

Цаашид археологийн салбарыг манай шинжлэх ухааны байгууллага тэр тусмаа Оросын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, Оросоос санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн.

 

Манай Шинжлэх Ухаан Технологийн Сангаас ч мөн энэ чиглэлд анхаарлаа хандуулж, энэ салбарт судалгаа шинжилгээний ажил хийхэд цаашид хөрөнгө оруулалт, санхүүжилтыг нэмэгдүүлнэ гэж бодож байна.

Тиймээс Монгол Улс археологийн судалгааны гол төв гэж үздэг олон орны эрдэмтэн судлаачид анхаарлаа хандуулж байдаг учраас бид дэмжиж ажиллах болно.

Бид Солонгосын археологийн салбараас музей байгуулах тал дээр хамтарч ажиллахаар болосон боловч хотын захиргааны зүгээс газрын асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна.

Болж өгвөл Байгалийн Түүхийн Музейн барилгыг шинэчилж, өргөтгөл хийх ажлыг хийх бодлого байна. Хамгийн гол нь эдийн засгийн бэрхшээлтэй цаг үед хөрөнгө мөнгөний асуудал амаргүй байгаа ч Шинжлэх Ухааны салбарт гол анхаарлаа хандуулж ажиллах болно” гэв.