Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Баянхошууны 117 дугаар цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч, бохирдол хэмжигч төхөөрөмж өглөө

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
 

Нийслэлийн төвлөрөл ихтэй гэр хороололд байрлах 50 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж (ХЕПА шүүлтүүр бүхий) хүлээлгэн өгөх арга хэмжээ СХД-ийн 117 дугаар цэцэрлэгт боллоо.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд нэг бүр нь 370 ам.долларын өртөгтэй 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг цэцэрлэгүүдийн эрхлэгч нарт хүлээлгэн өгсөн юм.
Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулсан ангийн дотоод орчны агаарын бохирдол 3.2 дахин буурчээ

Хүүхдүүд өдрийн 8-10 цагийг өнгөрүүлдэг цэцэрлэгийн анги танхим дахь агаарын бохирдлын судалгааг энэ оны хоёрдугаар сард “Улаанбаатар-Цэвэр Агаар” төсөл, АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн сургуультай хамтран СБД-ийн 150, 51, ЧД-ийн 43, 31-р цэцэрлэгт явуулжээ. Ингэхдээ агаар цэвэршүүлэх шүүлтүүртэй болон шүүлтүүргүй нөхцөлд хүүхдүүдийн эрүүл мэндийн ерөнхий байдал, нойрсолтонд гарах өөрчлөлтийг харьцуулан судалсан байна.

Судалгааны үр дүнд агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг цэцэрлэгийн анги танхимд суурилуулах нь дотоод орчны агаарын бохирдлыг 3.2 дахин бууруулж, улмаар хүүхдийн нойрсох хугацааг уртасгаж байгааг тогтоожээ.

 

“Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн удирдагч Н.Баяртогтох "Бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэлийн төвлөрөл, агаарын бохирдол ихтэй гэр хороололд байрлах 50 цэцэрлэгийг сонгож, 200 агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулж байна.

Олон цэцэрлэгт хуваарилж байгаа учраас нэг цэцэрлэгт дөрвөн агаар цэвэршүүлэгч төхөөрөмж өгнө. Энэ бол эхний ээлжийн ажил он гараад дараагийн шатанд гэр хороололд байрлаж байгаа нийт 83 цэцэрлэгтээ бүгдэд нь өгөх, нэг цэцэрлэгт ногдох тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Уг шүүлтүүр нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж, утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэршүүлдэг. Эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай. Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг дагалдуулан агаарын бохирдлыг хэмждэг лазер төхөөрөмж цэцэрлэг тус бүрт нэгийг хүлээлгэн өгөх бөгөөд энэхүү хэмжүүрийн тусламжтайгаар агаар дахь бохирдлыг хэрхэн бууруулж байгааг харах боломжтой болно.

Гэр хороололд байрлах үлдсэн цэцэрлэгүүдийг ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчээр хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Дэлхийн банканд уламжилжсан бөгөөд нааштай хүлээж авсныг дуулгахад таатай байна" гэв.

2-5 насны 7,400 орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэж байна

Агаарын бохирдол ихтэй гэр хороололд байрлаж буй цэцэрлэгүүдийн жагсаалт, нарийвчилсан судалгааг Нийслэлийн Боловсролын Газартай хамтран гаргасан байна. Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг сонгогдсон 50 цэцэрлэгт суурилуулснаар 2-5 насны 7,400 орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.

 

СХД-ийн 117 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Амаржаргал "Манай цэцэрлэгийн хувьд Баянхошууны хуучин эцэс буюу хотгор газар байрладаг. Цэцэрлэг орчимд маш их агаарын бохирдолтой утаа тунаж байдаг учраас өглөө хүүхэд цуглах болох орой тарах цагаар хаалга олон дахин онгойх үед утаа их орж ирдэг. Тавилга эд хогшил дороо л тортог дарчихдаг юм.

20 бүлэг 800 хүүхэдтэй манай цэцэрлэгийн хувьд ногдох дөрвөн агаар цэвэршүүлэгчээ таван ангийн дунд нэгийг хэрэглүүлэхээр хуваарилах төлөвлөгөөтэй байна" хэмээн ярилаа.

Тус цэцэрлэгийн хувьд нийслэлийн хамгийн том цэцэрлэг бөгөөд нэг ангид 40 хүүхэд суралцдаг ч ханиад томуу их байгаатай холбоотойгоор өдөртөө 30 орчим хүүхэд л ирж байгаа ажээ.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг