Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Берлинд гарсан ачааны машинтай халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэнээ зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Берлин хотын төвд Зул сарын баярын зах руу ачааны машинтай этгээд дайран орж 12 хүний амийг хөнөөж, 50 гаруй хүнийг гэмтээсэн билээ.

Тэгвэл өчигдөр буюу Мягмар гарагт энэ хэргийг Исламын улс бүлэглэл үйлдсэнээ зарлажээ. Тус бүлэглэлийн мэдээллийн суваг гэгддэг AMAQ вэбсайтад “Берлинд үйлдсэн аллагыг гүйцэтгэгч нь Исламын улсын дайчин байсан бөгөөд олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд өгсөн хариу юм” гэсэн байна.

Одоогоор Германчууд 23 настай Пакистаны дүрвэгчийг хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа. Гэхдээ түүнийг ачааны машиныг жолоодож явсан гэх нотолгоо олдоогүй байгаа юм.

Германы дотоод хэргийн сайд Томас де Майзер аллагыг “террорист халдлага” гэж үзэж байгаагаа сэтгүүлчдэд ярьсан байна.

Цугларсан хүмүүсийн дундуур 80 метр орчим давхиж, олон хүнийг алж, гэмтээж бэртээсэн явдлыг Германы канцлерь Ангела Меркель бас террорист халдлага гэж үзэж байгаагаа өчигдөр мэдэгдсэн юм.

Уг халдлага нь Ойрх Дорнодын дүрвэгчдэд нээлттэй бодлого барьсан Ангела Меркелийн байр суурийг ганхуулаад байна. Өчигдөр Германы хэт барууны үзэлтэй улс төрч Меркелийг хатуу шүүмжилжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп энэ хэргийг “Исламын террористууд Загалмайн шашинтны эсрэг явуулж байгаа жихадын илрэл” гэж үзэж байгаагаа илэрхийлээд “Исламын хэт үзэлтнүүдийг энэ дэлхийгээс арчина” гэж амласан байна.

Өнгөрсөн долдугаар сард Францын өмнөд хэсгийн Нис хотод мөн ачааны машинтай халдлага гарч 80 орчим хүний амийг хөнөөсөн юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty