Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистаны авиакомпани ямаагаар тахил өргөж олны элэг доог болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Саяхан томоохон осол тохиолдсон Пакистаны үндэсний агаарын тээврийн компани нислэгийн хөөрөх зурвас дээр ямаагаар тахил өргөж, гай барцадаа зайлуулсан байна.

Pakistan International Airlines (PIA) компанийн нисэх онгоц энэ сарын 7-ны өдөр тус улсын хойд бүсийн ууланд осолдож, бүх 47 зорчигчоо алдсан юм.

Өнгөрсөн Ням гарагт Исламабад хотын нисэх буудалд болсон энэхүү тахилгын гэрэл зураг интернэт ертөнцөд тарж, хүмүүс тэднийг аюулгүй байдлын стандартаа сайжруулахын оронд мухар сүсэгт итгэлээ хэмээн шүүмжилж байна.

PIA компанийн төлөөлөгч Даниал Гилани уг үйлдлийг компанийн зарим ажилчид нислэг үйлдэхээсээ өмнө хувиараа авсан арга хэмжээ гээд үүнийг нь хориглоогүй гэдгээ хэлжээ.

PIA компанид дээрх осолдсонтой ижил Европын ATR үйлдвэрлэгчийн 10 онгоц үлдээд байгаа бөгөөд тэднийг дахин сайтар үзлэг, засвар хийсний эцэст үйлчилгээнд гаргах үеэр ийнхүү тахилга үйлдсэн байна.

Энэ сард гарсан ослоос өмнө PIA компани 10 жилийн турш осолдоогүй бөгөөд Airlineratings.com-ийн үнэлгээгээр 7 онооноос 7 оноо авч байжээ.

Тус ослоос шалтгаалан авиакомпанийн ерөнхийлөгч Мухаммад Азам Саигол өнгөрсөн долоо хоногт “хувийн шалтгаанаар” ажлаа өгсөн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post