Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн дроныг Хятад өнөөдөр хүлээлгэж өгнө

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хятадын цэргийнхэн АНУ-ын тэнгисийн цэргийн дроныг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт олзолж авсан нь хоёр орны хооронд багагүй маргаан дэгдээсэн билээ.

Тэгвэл Хятадын тал энэхүү дроныг өнөөдөр буюу Мягмар гарагт буцааж өгөхөөр болсон байна. Гэхдээ хүлээлцэх цагийг зарлаагүй байгаа бөгөөд яг ямар дарааллаар өгөхийг ч эцэслэн шийдээгүй байгаа ажээ.

Пентагон уг дроныг шумбагч хөлгийн жолоодлогод тустай мэдээллийг цуглуулах үүрэгтэй, өөр ямар нэг тагнуулын зорилгогүй эд гэж тайлбарлаж байгаа юм.

Америкийн дрон алдагдсан тохиолдол анхных биш. Энэ оны эхээр Вьетнамын эргийн ойролцоо ажиллаж байсан дроныг хэн нэгэн хулгайлж, одоо болтол олдоогүй байгаа юм.

Харин өнгөрсөн долоо хоногийн хэрэг нь Хятадын тал “АНУ-ын засгийн газрын өмчийг хулгайлсан” анхны тохиолдол гэж Пентагон мэдээлжээ.

Хятадууд хийсэн үйлдлээ тайлбарлахдаа хөлөг онгоцнуудад нь аюул учруулахаас сэргийлсэн гэж байгаа. Бээжин Вашингтоныг уг явдлыг хэт дэвэргэн мэдээлж байна гэж буруутгасан юм.

Өнгөрсөн Пүрэв гарагт Филиппиний эргээс холгүй олон улсын усан бүсэд хоёр дроноо уснаас гарган авах гэж байсан Америкийн Bowditch хөлгөөс 500 метрийн зайд Хятадын хөлөг ирж зогсоод нэг дроныг нь түрүүлж гаргаж аваад явсан юм. Харин Америкчууд үлдсэн нэгийг нь авч чаджээ.

Америкчуудын хэлж байгаагаар Хятадын хөлөг Bowditch хөлгийг хэдэн өдрийн турш дагаж байсан байна.

Хятадын энэ үйлдлийг Дональд Трампын Тайваний ерөнхийлөгчтэй утсаар ярьсны хариу арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байв.

 

Эх сурвалж: South China Morning Post