Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баяртсайхан: Анхны бонд дээрээ БҮДЭРСЭН улс дэлхийд БАЙДАГГҮЙ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өчигдөр Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулсан. Зөвлөлийн хуралдаанаар бодлогын хүүг нэг функтээр бууруулж 14 хувь болгосон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Мэдэгдлийн дараа Н.Баяртсайхан Ерөнхийлөгчөөс сэтгүүлчид цаг үеийн сэдвээр асууж, дараах хариултыг авсан юм.


-ОУВС-тай хэрхэн холбогдож байгаа вэ. Засгийн газраас ямар санал тавьсан юм бол?

-ОУВС-тай бид хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа. Биднийг ажлаа авсны дараа ОУВС-ийн ажлын хэсэг 2016 оны наймдугаар сард ирж ажилласан. Энэ нь танилцах ажлын хэсэг байсан. Үүний дараа 2016 оны аравдугаар сард шинжээчдийн баг ирж ажилласан. Тэд Монгол Улсын санхүү, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдалтай танилцаад явсан байгаа. Энэ ажлын хэсэг удирдлагууддаа очиж Монгол Улсын байдал, санхүүгийн хүчин чадал, өрийн дарамтыг танилцуулсан юм байна.

Тэд 12 дугаар сард ирэх ёстой байсан боловч ахин хэлэлцэж, ярилцах зүйлс нэлээн гарсан учраас ирэх хугацаагаа хойшлуулсан. ОУВС-ийн ажлын хэсэг 2017 оны нэгдүгээр сард ирж албан ёсны хэлэлцээ эхлүүлнэ.

-Бодлогын хүүг яагаад 14 болгосон юм бэ. Үүнээс бууруулах боломж байгаагүй юу?

-Мөнгөний бодлогын хүү гэдэг бол хэн нэгэнд таалагдахын тулд буулгаж, нэмэгдүүлдэг зүйл биш. Энэ эдийн засгийн амьдралд маш их нөлөөтэй. Тиймээс бид мөнгөний бодлогын хүүг буруулахдаа маш их болгоомжтой хандлаа. Учир нь манай эдийн засагт тодорхой биш хүчин зүйлс маш олон байна. Нэгдүгээрт олон улсын валютын сантай хийх хэлэлцээ албан ёсоор эхлээгүй. Хоёрдугаарт манай эдийн засгийн гол экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ яах нь тодорхойгүй. Мөн дэлхийн эдийн засгийн хандлага ч тодорхой биш байна.

Бид мөнгөний бодлогоо “болгоомжтой зөөлрүүлэх” зарчим барьсан. Энэ бол маш олон хүний аж амьдралд хүчтэй нөлөөлдөг санхүүгийн зэвсэг. Тиймээс бид сэтгэлийн хөдөлгөөнөөр тэд болгоё гэх арга байхгүй.

Тал талаасаа ярилцсан, тэр ч бүү хэл манай мөнгөний бодлогын зарим гишүүд хүүг бууруулахгүй байх санал ч гаргасан юм. Учир нь бид ирэх оны гуравдугаар сард 580 сая ам.долларын бондын төлбөр төлөх ёстой. Тал талаасаа оюун ухаан, санаа бодлоо уралдуулж, тооцож үзсэний үндсэн дээр эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд мөнгөний бодлогын хүүгээ буурууллаа.

-Мөнгөний бодлогын хүүг байн байн өөрчлөх нь тийм ч таатай зүйл биш гэдгийг эдийн засагчид хэлдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Мөнгөний бодлогын хүүг бууруулж байгаа явдал бол манай Монголчуудын ганцхан шийдээд байгаа зүйл биш. Дэлхийн бүх улсууд мөнгөний бодлогоороо дамжуулж эдийн засагтаа нөлөөлдөг.

Бид маш өргөн хүрээнд авч үзсэн. Манайхтай ижил нөхцөлд байгаа Азербайжан, Беларусь, Киргиз, Казахстан, ОХУ зэрэг шилжилтийн эдийн засагтай улсууд мөнгөний бодлогын хүүгээ хэрхэн өөрчилж байгаа жишээ, туршлагыг ч авч үзэж, ярьсан байгаа.

ОХУ тухайлбал барууны ертөнцөөс тавьсан хоригийн үр дүнд маш хүнд байдалд орж байсан. Тухайн үед нэг ам.доллар 30 рубльтэй тэнцэж байсан бол 80-90 рубль болж гурав дахин унасан. Ийм нөхцөлд ОХУ манайхтай адил мөнгөний бодлогын хүүгээ огцом нэмж байлаа. Одоо эдийн засгийн нөхцөл байдал нь сайжраад буцаад буурчихсан явж байгаа.

Тэгэхээр мөнгөний бодлого эдийн засгийн суурь нөхцөлтэйгээ холбогдож явдаг зүйл.

-Мөнгөний бодлогын хүү ам.долларын ханшид хэрхэн нөлөөлөх вэ?

-Мөнгөний бодлогын хүү валютын ханшид тойруу замаар нөлөөлдөг. Бодлогын хүүг өсгөх нь хямралд өртсөн улс орнуудын валютын нөөцөө хамгаалах гол хэрэгсэл болдог гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ.

Тийм ч учраас бид наймдугаар сард бодлогын хүүгээ 4.5 функтээр эрс нэмэгдүүлэхдээ улсынхаа валютын нөөцийг хамгаалах зорилтыг тавьж ажилласан. Үүнийгээ бид ханган биелүүлсэн гэж үзэж байгаа.

Яагаад вэ гэвэл намайг ажлаа авахад Монгол Улсын валютын нөөц 1 тэрбум 200 сая ам.доллартай тэнцэж байсан. Өнөөдрийн байдлаар 1 тэрбум 189 сая ам.доллар байна. Бид нөөцөө тогтвортой түвшинд барьж чадсан нь бодлогын арга хэмжээний үр дүн юм.

-Та сая мөнгөний бодлогоор эдийн засгаа удирддаг гэлээ. Мөнгөний бодлогоор эдийн засгаа хангалттай удирдаж чадахгүй байгаа гэсэн шүүмжлэл байдаг л даа. Энэ тал дээр юу хийх боломжтой юм бэ?

-Төрөөс эдийн засгийг удирдах цогц арга механизмын нэг бүрэлдэхүүн хэсэг нь мөнгөний бодлого. Цаана нь төсвийн бодлого гээд нэг том зүйл бий. Нэмэх нь санхүүгийн бусад арга хэрэгслүүд. Хэдийгээр бид мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлж, бодлогын томоохон арга хэмжээ авсан боловч дан ганц мөнгөний бодлогоор эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих бололцоо хязгаарлагдмал гэдэг дүгнэлтийг хийж байгаа.

Тийм учраас Монголбанк Засгийн газрын үйл ажиллагааны уялдаа холбоо нарийн байх ёстой. Засгийн газраас санхүүгийн бодлогоороо эдийн засгийн өсөлтийг дэмжсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Өнөөдөр бид мэдэгдэл дээрээ энэ тухай тодорхой хэлж өгсөн байгаа.

-Ирэх онд төлөгдөх бондын төлбөрүүдийг гүйцэтгэх чадвар бидэнд бий юу. Чадахгүй бол хугацааг нь хойшлуулах зэрэг арга хэмжээ авах болов уу?

-Хөгжлийн банк бонд гаргаж Засгийн газраас баталгаажуулсан. Хэрэв Хөгжлийн банк ирэх оны гуравдугаар сард төлөх ёстой төлбөрийг гүйцэтгэж чадахгүй бол Засгийн газар баталгаа гаргачихсан учраас Монгол Улсын Засгийн газар төлбөрийн чадваргүй боллоо гэж харагдана.

Ийм байдлын эсрэг байна. Нэгэнт хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээгээд мөнгийг нь авсан бол төлбөрийг нь төлөх ёстой. Хэрэв Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны бондыг төлж чадахгүй бол дэлхий ертөнцөд дефольт зарлана. Хэрэв ингэх юм бол миний тооцоогоор ойрын 5-10 жилд Монгол Улсад итгэж хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч олдохгүй.

Тэр тусмаа дэлхийн жишигт анхныхаа бонд дээр бүдэрсэн улс байдаггүй. Хөгжлийн банкны бонд бол манай Засгийн газраас баталгаа гаргасан анхны бонд. Бид энэ тохиолдолд анхдагч нь болмооргүй байна. Тиймээс бондын төлбөрийг бид төлөх ёстой. Бид Хөгжлийн банкыг нэлээн шахаж байгаа. Хэрэв чадахгүй бол Засгийн газар, Монголбанкнаас тусалъя гэсэн байр суурьтай байгаа.