Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хэвлэл: Трамп их гүрнийг яаж удирдах талаар ойлголтгүй байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Хятадуудын хувьд оньсого мэт Трамп

Хятадын коммунист намын бодлогын илрэл болдог Global Times сонины өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд Дональд Трампыг шүүмжилсэн өгүүлэл нийтлэгджээ.

Өнгөрсөн Бямба гарагт Трамп АНУ-ын дроныг булаасан Хятадыг шүүмжилж твиттер хуудсандаа мэдэгдэл гаргасан юм. Тэгвэл Трампын мэдэгдэлд хариу өгсөн нь энэ бололтой.

Тус нийтлэлд “Сарын дараа Цагаан ордонд суух Трампад ерөнхийлөгч хүний зан чанар алга” гээд “түүнд их гүрнийг яаж удирдах талаар ямар ч мэдрэмж алга” хэмээн шүүмжилжээ.

Пүрэв гарагт Өмнөд Хятадын тэнгисийн олон улсын бүсийн усанд АНУ-ын цэргийн шумбагч дрон ажиллаж байсныг Хятадын хөлөг онгоц олзолж авсан юм.

Үүний хариуд Бямба гарагт Трамп “Хятадууд АНУ-ын судалгааны дроныг олон улсын бүсээс олзолж авсан нь урьд өмнө тохиолдож байгаагүй явдал юм” гэж твиттер хуудсандаа бичсэн байв. Дараахан нь тэр “Хятадуудын хулгайлсан дроныг бид буцааж авахгүй гэж хэлэх хэрэгтэй. Тэдэнд байж л байг!” гэсэн юм.

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үг хэлэхдээ Трампыг АНУ-Хятадын харилцааг муутгах зүйл хийхгүй байхыг анхааруулж байв.

Хятадын талын нийтлэлд “Хэрвээ тангараг өргөснийхөө дараа тэр твиттерт бичиж байсан шигээ Хятадтай харьцвал Хятад улс зүгээр сууж тэвчихгүй” гэж анхааруулсан байна.

Тус сонины эрхлэгч Ху Шижинь саяхан “Тэр Хятадтай сэтгэлзүйн тоглоом тоглоод байна уу, эсвэл юм мэдэхгүйдээ ингээд байна уу гэдгийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ түүнийг тангараг өргөсний дараа Хятадын засгийн газар өөртэй нь яаж хүндэтгэлтэй харьцах талаар хичээл заах хэрэгтэй” гэж ярьсан нь интернэт сүлжээнд видео хэлбэрээр тавигджээ.

Гэхдээ ажиглагчид Трампыг тангараг өргөснийхөө дараа шал өөр хүн болно гэдэгт итгэхгүй байгаа юм. Ийнхүү Дональд Трамп Хятадуудын хувьд оньсого хэвээр байж, Бээжин түүнтэй хэрхэн харьцах учраа олохгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian