Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг БУУРУУЛЖ 14% болгов

Б.Ану
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал өнөөдөр 06:00 цагт эхэлж 15:00 цагт дууссан байна.

Хурлаас гаргасан шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцууллаа.

Тэрбээр "2016 оны арванхоёрдугаар сарын 20-ноос мөнгөний бодлогын хүүг 1 нэгжээр бууруулж 14% болголоо.

Хувийн хэвшил бодит секторт эерэг нөлөө үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг сулруулсан" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ /бүрэн эхээрээ/

"Мөнгөний бодлогын зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 14 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Монголбанкнаас 2016 оны 8 дугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгөв.

Инфляци ирэх онд зорилтот түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхаар байна. Гадаад худалдааны нөхцөл хүлээгдэж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байна.

Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын үр нөлөө, мөнгөний бодлогын цаашдын төлөв нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс хамаарна.

Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна" гэжээ. 

БОДЛОГЫН ХҮҮ ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ:

Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг билээ. Манай улсын хувьд одоогоор арваас дээш хувь буюу харьцангуй өндөрт тооцогдохуйц бодлогын хүүтэй байна.

 Харин үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байгаа. Төв банк бодлогын хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банканд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг.  Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банканд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. 

Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банканд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байдаг. 

Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг юм. Тиймээс ч өнгөрсөн наймдугаар сард огцом 4.5 хувиар нэмэгдүүлсэн бодлогын хүүгээ эргээд тэд бууруулж байх шиг байна.