Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Баярцогтын офшор дансанд 9.2 сая ам.доллар байна гэдэг нь нотлогдсон"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
 

С.Баярцогтын офшор дансны талаар Монголын Байгаль Орчны Төлөөх Хуульчдын Холбооноос мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар С.Баярцогтын дансанд 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр орсон 9.2 сая ам.доллар байгаа бөгөөд энэ нь Швейцарийн "Credit Suisse" банкнаас илгээсэн мөнгөний эх сурвалжийг баталгаажуулах хүсэлтээр нотлогдож байгаа ажээ.

Энэ талаар МБОТХХ-ны дэд тэргүүн Ц.Туяацэцэг “2013 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумаас С.Баярцогтыг "Credit Suisse" банканд нэг сая доллартой офшор бүсэд компани байгуулсан гэсэн мэдээлэл гарсан.

Тухайн үед Монголын Байгаль Орчны Төлөөх Хуульчдын Холбооноос энэ хэргийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргасан. Гэвч Авлигатай Тэмцэх Газараас 2013 оны зургадугаар сарын 17-нд энэ хэргийг хаасан. 

 

Харин 2015 оны арванхоёрдугаар сард бид Олон Улсын байгууллагад хандаж, шаардлагатай бүх нотлох баримт, материалуудыг гарган өгч, 2016 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Швейцарь улсын Холбооны Улсын Шүүхэд эрүүгийн хэргийн 305 дугаар зүйл буюу мөнгө угаасан гэх хэрэг үүсгэн С.Баярцогтыг сэжигтнээр татан шалгаж байгаа. Бид шалгуулахаар 27 баримт явуулсан байгаа.

Үүнийг шалгаж үзээд, бидэнд ирсэн материалаар С.Баярцогт гэдэг хүний дансанд одоогийн байдлаар 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр орсон 9.2 сая ам.доллар байна гэдэг нь нотлогдсон.
2009 оны аравдугаар сарын 27-ны энэ өдөр Оюу Толгойн гэрээг үзэглэсэн цаг хугацаатай давхцаж байгаа. Мөн С.Баяр Ерөнхий сайдын албан тушаалаа өгч байх үетэй давхцаж байгаа учраас С.Баяр ч мөн их хэмжээний мөнгийг Оюу Толгойгоос авсан гэх хардлага төрж байна.

Тухайн үед С.Баярцогт Сангийн сайд байхдаа Оюу Толгойгоос мөнгө халааслах бүх л таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Бид анхнаасаа гомдол гаргахдаа энэ мөнгийг Оюу Толгойгоос эх сурвалжтай гэж үзэж байсан.

Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа учраас илүү их мэдээллийг өгөхгүй. Гэхдээ бидэнд мэдэж байгаа зүйл илүү их байгаа. Энэ хэргийг илүү нягталж, тодруулсныхаа дараа албан ёсоор мэдэгдэнэ. С.Баярцогт гэдэг хүний араас олон хүн ил болно” гэв.