Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад хөршүүдээ дээрэлхэх бүрт Энэтхэгийн нөлөө нэмэгдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нар

Өнөөдөр Quartz сайтад нийтлэгдсэн өгүүллийг орчуулан хүргэж байна.


 

Хятад улс хөрш орнууд руугаа хатуу, дээрэнгүй бодлого явуулах бүрт тус бүс нутаг дахь Энэтхэгийн дипломат харилцааны болон эдийн засгийн байр суурь нэмэгдэж байна.

Үүнийг баталсан үйл явдлууд саяхан Монгол, Вьетнам улсуудад боллоо.

Хятадын хойд хөрш, Төвдийн Буддын шашны номлол давамгайлдаг Монгол улсад Далай лам зочилсон нь Хятадыг бухимдуулсан явдал болсон юм.

Арваннэгдүгээр сард Улаанбаатарын сүм хийдэд Далай лам сургаалиа айлдсаны хариуд Бээжин Монголын ачаа тээвэрт ноогдуулах хураамжаа нэмэгдүүлж, тээвэрлэлтийг удаашруулсан нь нэгэн төрлийн хориг арга хэмжээ болжээ.

Өвлийн -25 хэмийн хүйтэнд хил дээр дугаарлан зогсох машинууд нь удахгүй Монгол улс гол бараа бүтээгдэхүүний хомсдолд орж болзошгүйг харуулж байна. Арванхоёрдугаар сарын 7-нд Делид суугаа Монгол улсын элчин сайд Г.Ганболд “Далай ламын шашин номын айчлалыг хүлээж авснаас болоод Хятадын талаас Монголд учруулсан хүндрэлийг даван туулахад Энэтхэг улс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Биднийг ‘Нэг Хятад’ бодлогоо өөрчлөөгүй байхад Бээжингийн авсан арга хэмжээ нь зөвтгөх аргагүй юм” гэж ярьжээ.

Түүхий эдийн үнийн уналтаас хамааралтай эдийн засаг нь хямраад байгаа Монгол улс Бээжингээс $4.2 тэрбумын зээл авах талаар хэлэлцэж байхад энэ явдал болсон юм. Гэвч Далай ламыг Улаанбаатарт айлчилсны дараа Хятадын талаас бүх дипломат уулзалтуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул Монгол улс өөртөө хэрэгцээтэй байгаа санхүүжилттэй холбоотой яриа хэлэлцээрийг ОУВС болон Энэтхэгтэй хийхээр болсон юм.

Энэтхэгийн гадаад хэргийн яамны төлөөлөгч Викас Сваруп үүний хариуд “хэцүү цаг үед нь бид Монголын ард түмэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна” гэсэн мэдэгдэл хийжээ.

Мөн Сваруп 2015 онд тус улсын ерөнхий сайд Нарендра Модигийн Монголд хийсэн айлчлалын үеэр амласан нэг тэрбум ам.долларын зээлийн шугамыг хэрэгжүүлэх цаг болсныг илэрхийлсэн юм.

Монгол улс нь Орос, Хятад хоёр хөршийн дунд оршдог жижиг үндэстнийхээ хувьд 1990 оноос хойш “гурав дахь хөрш” бодлогын хүрээнд хөршүүдээсээ өөр улс орнуудтай хамтран ажиллахын төлөө идэвхтэй ажиллаж ирсэн.

Харин энэхүү гурав дахь хөршийн нэг нь Энэтхэг болж байна.

Энэтхэгтэй харилцаж эхэлсэн нь Хятадад таатай санагдсангүй, төрийн мэдлийн хэвлэлээрээ Улаанбаатарыг “улс төрийн хувьд гэнэн, туршлагагүй” хэмээн хатуу шүүмжилж байлаа.

Энэ зуур Өмнөд Хятадын тэнгис дэх олон жижиг арлыг Хятад улс өөрийн газар нутаг хэмээн далай тэнгисээр хиллэдэг хөршүүдтэйгээ дайсагналцаж байв.

Тэгвэл энд ч Энэтхэг улс зүгээр суусангүй, цэргийн тусламж үзүүлэх замаар хэрэг явдалд оролцож эхэлжээ.

Есдүгээр сард Нарендра Моди Вьетнамд айлчлах үеэрээ $500 саяын зээлийн шугам Ханойд зориулан нээж байгаагаа зарласан нь “батлан хамгаалахын хамтын ажиллагаанд” гэсэн тодотголтой байсан юм. Мөн Энэтхэг улс стратегийн түншлэлээ стратегийн иж бүрэн түншлэл болгон ахиулахаар болсон нь хоёр орны цэрэг, армийнхны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх алхам болсон байна.

Энэ сард Вьетнамын батлан хамгаалахын сайд, генерал Нго Шуан Лик Энэтхэгт айлчилж тус улсын батлан хамгаалах яамтай олон гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд Энэтхэгийн агаарын хүчний нисгэгчид Вьетнамын ардын армийн нисгэгчдийг олон үүрэгт агаарын хөлгөөр нислэг үйлдэхэд сургахаар болсон нь агаар-агаар, агаар-газар тулаанд бэлтгэхэд чиглэж байна. Мөн эргүүлийн усан онгоцнуудыг угсрах чиглэлээр хамтран ажиллах болсон нь Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын амбицийн эсрэг үйлдэл болох нь харагдаж байгаа юм.

Бээжингийн хөршүүдтэйгээ ойлголцож чаддагүй, түрэмгий араншин нь Энэтхэгийн зарласан “Look East” (Дорно зүгт харах) гадаад бодлогыг хэрэгжих явцыг түргэсгэж байгаа нь эндээс харагдаж байна.

 

Эх сурвалж: Quartz