Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хуримтлалаа төрөлжүүлээд үзэх үү?

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 16
Сурталчилгаа
 

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ


Гийгүүлэгч Номио

Уншигч та цалингаа аваад хамгийн түрүүнд юунд зарцуулдаг вэ?

Эхлээд байрны төлбөрөө төлж, хүнсээ цуглуулж, шатахуунаа дүүргэж байгаа бол түр азна. Юун түрүүнд та бидний өмнө нь зөвлөсөнчлөн сарын зардлаа төлөвлөсөн бол тэр  мөнгөө үлдээгээд бусдыг нь хуримтлалдаа шууд хийгээрэй. Уншигч таныг би олон удаа хадгаламж нээлгэж, бас цуцалсан гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.

Харин өнөөдрөөс дараах аргыг хэрэглэвэл маш том өөрчлөлт гарна гэж гар баръя.

Хугацаагүй хадгаламж: Энэ нь картын данс биш. Энгийн хадгаламжийн эсвэл харилцах данс юм. Ийм данстай байхад та картан дахь мөнгөө тооцоогүй үрэхгүй, зөвхөн  тухайн сард хэрэглэх зүйлдээ л зориулах боломжтой.

Богино хугацаатай хадгаламж: Нэг жил хүртэл хугацаатай хадгаламжийн данс юм. Энэ дансанд хуримтлуулсан мөнгөө гэнэтийн шаардлага тулгарсан үед хэрэглэх нь зөв юм. Банкиндаа хүсэлт гаргаад цалингаа буух бүрт тодорхой хэмжээний мөнгийг энэ данс руугаа тогтмол шилжүүлдэг болгочихвол та заавал банк руу гүйгээд байх шаардлагагүй юм. Мөн тухайн сарын хэрэглээнээс хэмнэсэн мөнгөө давхар нэмээд байвал гэнэт өвдөх, яаралтай мөнгө хэрэг болох үед бусдаас царай алдахгүй.

Урт хугацаатай хадгаламж: Аль ч банкны хүүхдийн хадгаламж өндөр хүүтэй байдаг тул хүүхдийнхээ ирээдүйн сайн сайханд зориулж, сар бүр тогтмол мөнгө хуримтлуулаарай. Зөвхөн хүүхдүүддээ гэлтгүй гэр бүлийн нэрэмжит урт хугацааны  хадгаламжтай болчихвол бүүр догь. Энэ хадгаламжиндаа цалингийн нэмэлт урамшуулал, мөнгөн шагнал, цалингаас гадуур олсон орлогоо хадгалуулж хэвшвэл танд байр худалдан авах урьдчилгаа мөнгө өлхөн цугларна.

Хүмүүс цалингаасаа мөнгө хуримтлуулж чаддаггүй хирнээ зээлээ бол төлчихдөг шүү дээ. Тэгвэл хуримтлалаа ч бас зээлээ төлж байна гэсэн бодлоор цалин буух бүрт  татуулаад байхад яагаад болохгүй гэж.  

Мэдээж эхний үед энэ нь хэцүү. Гэхдээ дансан дахь мөнгө тань нэмэгдэхийг харах тусам улам их мөнгө хадгалахыг эрмэлзэж эхэлдэг юм байна лээ. Та ч бас ялгаагүй тэгэх л болно. Би хадгаламжиндаа олон саяар нь мөнгө хуримтлуулж чадахгүй. Хадгаламжаа хэд хэдэн ч удаа цуцалж байсан. Гэхдээ энэ аргачлалыг мөрдсөнөөр хуримтлалтай болж чадсан шүү.  

Сард 150,000 төгрөг хуримтлуулахад жилийн дотор 1,800,000 төгрөг болно. Үүн дээр банкны хүү нэмэгдэнэ. Зөвхөн хуримтлал үүсгэхээс гадна хувьцаа худалдан авах зэрэг өөр ямар боломж байгааг та бас бодоод үзэхэд алдах зүйлгүй.

 

Гийгүүлэгч Сэржээ /Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудаа төлөөлнө/

Шинэ оны өмнө айл бүхэн өөрсдийн гэсэн зорилго тавьдаг. Шинэ хүн төрөх, хүүхэд сургуульд орох, мэргэжлээ дээшлүүлэх, аялах, өөр газар луу нүүх... гээд юу эс мундах вэ? Энэ төлөвлөгөөгөө саадгүй биелүүлэхийн тулд санхүүгийн тооцоогоо  ч заавал давхар гаргах хэрэгтэй. Эсбөгөөс таны төлөвлөгөө мөрөөдөл болон замхарна.

Манай гэр бүлийн хувьд ирэх жилийнхээ төлөвлөгөөтэй уялдуулан хадгаламжаа  нэмэх болон нэгтгэх арга хэмжээ авдаг.

7 төрлийн төрөлжүүлсэн хадгаламж...  

Хугацаагүй хадгаламж: Миний хамгийн дуртай хадгаламж. Эндээ би сар бүрийн зардлаасаа илүү гарсан мөнгөө хуримтлуулдаг юм. Энэ дансаа карттайгаа холбож болдоггүй. Зөвхөн хадгаламжийн дэвтэртэй байхад л гүйлгээ хийдэг юм. Тиймээс мөнгө барагтай үрэгддэггүй тул сарын эцэст хуримтлагдсан мөнгөө аяллын хадгаламжиндаа  шилжүүлдэг.

Богино хугацааны хадгаламж: Тухайн жилийн төлөвлөгөөтэйгээ уялдан гарч ирдэг.  Эдгээр хадгаламжууд нь сар бүр хадгалах мөнгөний 25%-г эзэлдэг.

Аяллын хадгаламж: Аяллын хадгаламжиндаа зориулж сар бүр мөнгө төсөвлөдөггүй. Тухайн сарын хэмнэсэн мөнгө, бонус, бэлэг, шагнал гэх мэт тооцоологдоогүй орлогоо хуримтлуулдаг. Үнэхээр аялах дуртай бол өөрийн эрхгүй л мөнгөө хэмнээд хадгаламжаа аривжуулдаг юм байна лээ.

Сургалтын төлбөрийн хадгаламж:  Хичээлийн улиралд төлөх мөнгөө сар бүр бага багаар хуримтлуулах нь гэнэт төлбөрийн дарамтад оруулдаггүй.

Шинэ зүйл сурахад зориулсан хадгаламж : Жолооны курс, кофе шопны сургалт гэх мэт богино хугацааны сургалтын төлбөрөө мөн л сар бүр бага хэмжээгээр цуглуулдаг. Эсвэл бие даан суралцаж мөнгөө хэмнэсэн бол энэ мөнгөө мөн л аяллын хадгаламж руугаа шилжүүлдэг.

Түр зуурын хадгаламж:  Шинэ жил, цагаан сар, нутаг руугаа явах гэх мэт хэрэгцээнд  зориулсан хадгаламж.

Урт хугацааны хадгаламж: Хүүхэддээ зориулсан хадгаламж маань нийт хадгаламжийн маань 5%-г эзэлдэг. Улсаас өгдөг хүүхдийн 20,000 төгрөгөөр нээлгэж байсан ч эцэг эх нь гадаадад байдаг гэсэн шалтгаанаар хасагдсан байгаа. Гэхдээ 3сар тутамд монгол руу шилжүүлэг хийдэг. Ямар ч үе тохиолдсон энэ хадгаламжинд огт гар хүрдэггүй бөгөөд аавынхаа хэлдгээр зүгээр л мартчихдаг.

Монгол дахь хадгаламж: Нутагтаа очиж  амьдрахдаа зориулсан хадгаламж юм. Байртай болох, хуримаа хийх гээд Монголдоо очоод хийхээр төлөвлөсөн олон зүйл байгаа тул энэ нь нийт хадгаламжийн маань 70%-г эзэлдэг.

Нийт орлогынхоо 40%-с дээшийг хадгалах нь маш хэцүү ч нэг хадгалаад сурчихвал шаардлагагүй зардал гаргахаа больж үлдсэн мөнгөө зөв зарцуулж сурдаг. Өөртөө хуримтлуулах зуршил төлөвлшүүлэхийн тулд өөрийнхөө хамгийн хийх дуртай зүйлдээ зориулж хадгаламж нээлгээд үзээрэй.

Гийгүүлэгч Тогоо

Бусад гийгүүлэгчтэйгээ харьцуулахад би ч ичмээр дамшиг даа. Олон удаа хуримтлал нээлгэж, дансаа хоосолсон хүн. Эргээд бодоход дандаа гэнэтийн хэрэгцээ тулгарах үед овоо арвижиж байсан дансаа сэгсэрсэн байх юм. Зарим зүйлийг амархан мартчихдаг хирнээ, дансанд мөнгө байгаагаа санаад байдаг над шиг хүн байдаг л байх. Анзаараад байх нь ээ интернэт банк, смарт банкаа ашиглах үед дансны хуулга жирийтэл харагддаг. Үүнээс чи тэдэн төгрөгтэй. Дэлгүүрт тийм гоё юм байна лээ...очоод авчихъя гэсэн “мессеж” байнга авдаг гэсэн үг. Тиймээс хугацаагүй хадгаламжиндаа зарцуулах боломжит мөнгөө шилжүүлдэг.

Харин урт хугацааны хувьд долларын хадгаламж сонгосон. Дүн нь хэдэн зуун мянгаар харагддаггүй тул тэр бүр үрдэггүй юм. Мэдээж би Үндэсний хуримтлалын данстай. Саяхан 20 хувийн өгөөжөө авсан. Жилийн өмнө 50,000 төгрөгийн багц сонгож, цалин бүрээсээ 25,000-ыг татуулсаар нэг л мэдсэн чинь 663,000 төгрөгийн хуримтлалтай болсон байсан. Энэ мөнгө миний санхүүд дарамт үзүүлээд би хэцүү байдалд лав ороогүй. Бас Уян хадгаламжтай. Гэнэтийн мөнгөний хэрэгцээ гараад авсан мөнгөний хүү цуцлагдахаас, үлдэж байгаа мөнгөнд хугацаа нь хадгалагдаж, хүү нь өндөр хэвээр байдаг нь таалагддаг. Мэдээж хүүхдүүддээ зориулсан хадгаламжтай. Хөргөгч зурагттай гэсэн шалтгаанаар улсаас өгдөг 20,000 төгрөгөөс хасагдсан болохоор Голомт банкны “Захиалгат шилжүүлэг” үйлчилгээгээр  цалингаасаа хадгаламж руу нь мөнгө хийлгэдэг.

Цаашдаа Номио, Сэржээ 2-оосоо суралцаж, хадгаламжаа төрөлжүүлж үзнээ. Та бүхэн ч гэсэн надтай хамт суралцаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.