Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп технологийн ертөнцөд тал заслаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Дональд Трамп технологийн компаниудын захирлуудтай уулзлаа

Сонгуулиас өмнө Цахиурын хөндийнхөн бүгд нэр дэвшигч Дональд Трампыг эсэргүүцэж, хэрвээ түүнийг сонгогдвол “инновацид гамшиг” болно хэмээн зарлаж байв.

Тэднээс бараг ганцхан Питер Тиел (PayPal-ийг үндэслэгчдийн нэг, Facebook-ийн хөрөнгө оруулагч) Трампыг дэмжиж, одоо шилжилтийн багт нь гол хүнээр ажиллаж байгаа юм.

Тэгвэл өчигдөр Трамп цамхагт технологийн томчуудтай хийх шинэ ерөнхийлөгчийн уулзалт бүхэлдээ Цахиурын хөндийнхөнд тал засах өнгө аястай болжээ.

 

Уулзалтын эхэнд Трамп “эхлээд энэ өрөөнд байгаа хүн бүр надад бага ч гэсэн дуртай болох хэрэгтэй байна” гэсэн нь уур амьсгалыг зөөлрүүлэх эхний алхам байв. Дараа нь тэр цугларсан хүмүүсийг гайхамшигтай, онцгой, энэ дэлхийд байхгүй хүмүүс хэмээн магтаж өөрийг нь сонгогдсоны дараа технологийн компаниудын хувьцааны үнэ өссөн тухай ярьсан байна.

Тэрээр энэ өсөлтийг цаашид хадгалж, тэдний ажилд нэмэр болохын төлөө ажиллахаа амлажээ. Трамп Цахиурын хөндийд айлчлахаа амлаж, “та бүхэн надтай болон манай хүмүүстэй чөлөөтэй ярьж бай, үүнд албархаад байх зүйлгүй” гэсэн байна.

Үүний дараа өрөөнөөс сэтгүүлчдийг гаргаж, хаалттай хаалганы цаана яриа өрнөсөн тухай хэвлэлүүд мэдээлжээ. Тэдний зарим нь энэ уулзалтын дараа Трамптай ганцаарчилсан уулзалтууд хийсэн гэнэ.

Уулзалтад Трампын зөвлөх Питер Тиел, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пэнс, Трампын гурван хүүхэд болон хүргэн, шилжилтийн багийн зарим хүмүүс оролцсон байна.

Харин уригдсан зочдын дотор Apple, Oracle, Microsoft, Tesla, IBM, Google, Intel, Cisco, Facebook, Amazon, Palantir компаниудын удирдлагууд багтсан юм. Тэднээс ганцхан Зукерберг өөрөө оролцолгүй дэд захирал Шэрил Сандбергийг уулзалтад илгээжээ.

Ярианы сэдэв голчлон татвар, цагаач мэргэжилтнүүд, зарим үйлдвэрлэлийг дотооддоо шилжүүлэх, хувь хүний мэдээллийн нууцлал зэрэг асуудал байсан гэнэ.

 
Уулзалтад оролцогчид ширээнд суусан байрлал
 
Амазон компанийн гүйцэтгэх захирал Жэф Безос
 
Оракл компанийн гүйцэтгэх захирал Сафра Кэц
 
Google (Alphabet) компанийн захирлууд Ларри Пэйж, Эрик Шмидт
 
Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск
 
IBM компанийн гүйцэтгэх захирал Жинни Рометти
 
Cisco компанийн гүйцэтгэх захирал Чак Роббинс
 
Майкрософт компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла

 

Эх сурвалж: Business Insider, Daily Mail