Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Таван Толгой"-н төслөөс MMC, "Сүмитомо" корпораци хасагдаагүй

Б.Ану
2016 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн анх удаа "Таван Толгой"- н (ТТ) төслийн ажлын хэсгийн уулзалтыг шууд БНХАУ-ын Шинхуа групптэй хийсэн билээ. Энэ уулзалттай холбоотойгоор төсөлд оролцогч нөгөө хоёр этгээд буюу Mongolian Mining Corporation (MMC), Сүмитомо нар хаачив. Тэднийг төслөөс хасч байна гэх эргэлзээ нийгэмд бий болсон. Тэгвэл энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр дараах тайлбарыг хийлээ. 

"Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг өнгөрсөн Баасан гарагт /12.09/  ТТ-н төслийг эргэлтэд оруулах анхны уулзалтаа Шинхуа групптэй хийсэн юм. Эхлэл нь хэвлэлийнхэнд нээлттэй болсон энэ уулзалтын дараа "Яагаад ганцхан Шинхуа-тай уулзаж байгаа юм бэ, ММС, Энержи ресурс, Сүмитомо хаачсан юм бэ, ганцхан Шинхуа-д өгөх гэж байна уу" гэх зэргээр асуулт, хардлага хоёр зэрэг хөвөрсөн тул зарим мэдээллийг хүргэе. 

Ц.Дашдорж сайдаар ахлуулсан ажлын хэсэг Шинхуа группийн удирдлагуудтай уулзсан өдрийнхөө орой ТТ-н төсөлд оролцож байгаа, оролцох үндэсний компаниудынхаа төлөөлөлтэй уулзсан. Уулзалтаар Монголын компаниуд Таван Толгойн төсөл дээр нэгдсэн нэг саналтай-нэг баг болж явах саналаа нэгтгээд Засгийн газрын ажлын хэсэгтэй дахин уулзахаар тохирсон. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ТТ-н төслийг аль болох богино хугацаанд, яаралтай хөдөлгөх, цаг алдахгүйн тулд өмнөх тендерийн ялагч нартай өмнөх гэрээний нөхцөлийг САЙЖРУУЛАХ чиглэлээр хэлэлцээ хийж, санал солилцохыг ажлын хэсэгт үүрэг болгосон юм. Үүнийгээ захирамжийнхаа удирдамжид ч тодорхой заасан байгаа. Өмнөх гэрээ гэхээр тэнд нь ММС ч, Сүмитомо нь ч байгаа гэсэн үг. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас шинээр өгсөн удирдамжийг энгийнээр товчхон илэрхийлбэл:

  1. Таван Толгойн төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн "Эрдэнэс-Таван Толгой"-н оролцоог зохистой төвшинд хангах, 
  2. Таван Толгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх компанийн 51 хувьд Монголын тал буюу төрийн өмчит МТЗ компанийг оролцуулах,
  3. Төсөл хэрэгжүүлэгчид нь олборлосон нүүрсээ Монгол Улсад боловсруулсны дараа л экспортлох. Үүний тулд Монгол Улсад одоо байгаа угаах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр баяжуулах үйлдвэр барих,
  4. Төслийн хэрэгжүүлэгч, оператор компанид, төмөр зам болон ханган нийлүүлэлтэд зэрэг төслийн бүх шатанд Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хамгийн боломжит дээд төвшинд хангаж оролцуулахыг Ажлын хэсэгт удирдамж болгон захирамжилсан юм.