Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Улстөрчид “Хөгжлийн банк”-аар муур хулгана болж тоглож байна

О.Туяа, Өглөөний сонин
2016 оны 12 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн сарын 29-нд Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцуулах байсан ч АН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авсан.

Улмаар завсарлагын хугацаа дууссан ч гишүүдийн ирц хүрэхгүй байна гэх шалтгаанаар хэд хэдэн удаа хойшлогдоод байсан хуралдаан өчигдөр үдээс хойш эхэллээ. Хуралдааны эхэнд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Хөгжлийн банк нь УИХ-ын тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй.

2011 онд Хөгжлийн банкинд УИХ-аас чиглэл өгсөн тогтоол гаргасан байна. Харин үүнээс хойш УИХ-ын төдийгүй Засгийн газрын хяналтаас гарч, үйл ажиллагаагаа явуулсан нь бүхэлдээ хууль ёс дээдлэх бодлого алдагдсан гэж дүгнэлээ.

Хөгжлийн банкны шалгалтад 2011-2016 оны хоорондын үйл ажиллагааг хамруулсан байна. Энэ хугацаанд нийт 5.5 их наяд төгрөгийн зээлийг гурван бүлэг болгон аж ахуйн нэгжүүдэд зээлдүүлжээ. Үүнээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гурван их наядыг, Хөгжлийн банкнаас 1.5 их наядыг, арилжааны банкаар дамжуулан нэг их наяд төгрөгийн зээлийг тус бүр гаргасан байна.

Үүнээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон зээлийн нэг их наяд төгрөгийн зээлийн хугацааг сунгасан байна. Нийт 371 зээлээс 93-ынх нь зээлийн хугацааг сунгасан. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгогдсон зээл нь 2016 оноос эхлэн зээлийн хүүгийн төлбөрийг хийх ёстой байсан ч төлөгдөөгүй учраас хугацааг нь сунгасан байна.

Мөн арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1 их наяд төгрөгийн зээлийн эрсдэл бага юм байна. Учир нь гэрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн эрсдэлийг арилжааны банк хариуцна гэж заасантай холбоотой гэнэ.

Гэхдээ Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотойгоор үүсэж болох эрсдэл нь эргэн төлөлт хийгдэхгүй тохиолдолд алдагдалд орох эрсдэл нэмэгдэх аж. Үүнд ам.долларын төгрөгтэй харилцах ханш ч нөлөөлж байгаа юм байна.

Нийт 5.5 их наяд төгрөгийн зээлийг гурван бүлэг болгон аж ахуйн нэгжүүдэд зээлдүүлжээ.

Хөгжлийн банк нь УИХ-ын тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. 2011 онд Хөгжлийн банкинд УИХ-аас чиглэл өгсөн тогтоол гаргасан байна. Харин үүнээс хойш УИХ-ын төдийгүй Засгийн газрын хяналтаас гарч, үйл ажиллагаагаа явуулсан гэж дүгнэлээ.
Тэгвэл Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгээс мөн дүгнэлт гаргасан байна. Тус дүгнэлтэд:

-“Монгол Улсын Их Хурал 2011 онд “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хууль баталж, Монгол Улсыг өрсөлдөх чадвар сайтай, өндөр хөгжилтэй, хүчтэй эдийн засаг бүхий улс болгох зорилготой, Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй Хөгжлийн банкийг байгуулсан билээ.

Энэ хувилбарыг Монголчууд бид бодож олоогүй бөгөөд дэлхийн олон улс оронд хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрсэн тогтолцоо юм. Ардчилсан намын Засгийн газар 2012 оноос дэлхийн зах зээл дээрх эрдэс, түүхий эдийн үнийн уналтаас болж Монгол Улсын эдийн засагт бий болсон хүндрэл, хямралыг даван туулахын тулд “Чингис” бондоор 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондоор 300 сая ам.долларыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон.

Энэ бондоор эдийн засгийн уналтыг тогтоон барьж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг хадгалж өргөтгөх, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто зам зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлсэн.

Гэвч МАН “Чингис” бондыг үгүйсгэх, улмаар их бүтээн байгуулалтыг зогсоох, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч тэднийг төөрөгдүүлэн “тархи угаах” үйл ажиллагааг тасралтгүй явуулж улмаар төрийн эрх мэдлийг авмагцаа Засгийн газрын тогтоолоор ажлын хэсэг байгуулж Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийжээ. 

Харамсалтай нь энэ ажлын хэсэг эдийн засгийн дүн шинжилгээ хийж, мэргэжлийн дүгнэлт гаргахын оронд өнөөдөр үүсээд буй эдийн засаг санхүүгийн хүндрэлийг эргэн төлөлт нь хийгдэх болоогүй, 2022 болон 2023 онд үндсэн хэсэг нь төлөгдөх хуваарьтай “Чингис”, “Самурай” бондтой холбох гэж оролдсон нь илт байна.

Нөгөө талаар Хөгжлийн банк нь санхүүгийн тайлан бүртгэлээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг баримтлан үйлдэж, хагас жил тутам нэр хүнд бүхий олон улсын байгууллагаар аудит хийлгэж баталгаажуулж иржээ.

Гэтэл Засгийн газрын ажлын хэсэг олон улсын тогтсон стандартаас гажсан санхүүгийн тохируулгуудыг хийсэн нь дотоодын санхүүгийн тогтолцооны дөрөвний нэгийг бүрдүүлдэг хамгийн том банк болох Хөгжлийн банкийг шууд төлбөрийн чадваргүй болгосон мэт харагдуулах, сүүлийн хугацаанд босгосон бондын эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө татуулах зэрэг санхүүгийн системд гэнэтийн хүчтэй шок үүсгэх, эдийн засгийн асар том эрсдэлийг бий болгохоор байна.

Энэ нь жоомоо алах гээд байшингаа шатаах гэгчийн үлгэр болох гэж байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын бүлэгт сэрэмжлүүлэн сануулж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтын материалтай танилцаад дараах дүгнэлтийг гаргаж байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 36 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн “Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалт” нэртэй материал нь төрийн хууль тогтоомжийн дагуу хийгдэж, ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тоо баримт, дүгнэлт нь зөрчилтэй байгаа учраас УИХ-ын бүтцийн ямар ч байгууллага ажлын хэсгийн дүгнэлт гэж хэлэлцэх боломжгүй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Энэхүү ажлын хэсгээс ирүүлсэн материал нь улс төрийн зорилго агуулсан, хэтэрхий нэг талыг барьж мэргэжлийн бус дүгнэлт өгөхийг оролдсон учраас зохих журмын дагуу дүгнэлтийг дахин боловсруулж, УИХ-ын бүтцийн байгууллагаар хэлэлцэх үед тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлага, холбогдох яамны удирдлагуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, Албажаагүй, эцсийн байдлаар Улсын Их Хурал, эрх бүхий байгууллага авч хэлэлцээгүй шалгалтын “дүгнэлт” нэртэй материалыг олон нийтийн сүлжээнд ил гаргаж, харилцагч аж ахуйн нэгжийн бизнесийн нууцлал, хувь хүмүүсийн нэр хүндэд халдсан үйлдлийг гаргасан ажлын хэсгийнхэн энэ үйлдэлдээ баялаг бүтээгчдээс уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ.

Зураг