Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой одоо л хөдлөх үү

Н.Пунцагболд
2016 оны 12 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тавантолгой хөдлөх үү гэдэг асуултыг сүүлийн хэдэн жил хэвлэлийнхэн хэнээс ч юм асуусаар л. Гэвч өнөөдрийг хүртэл олигтой үр дүнд хүрсэн юм алга. Уг нь Монгол Улс нүүрсээ зараагүй биш зараад л байгаа. Гэхдээ улсын эдийн засгийг тэтгэх хэмжээний мөнгө төгрөг орж ирж байгаа юу гэвэл үгүй.

Яагаад гэдгийг тайлбарлавал барагдахгүй. Тэр ч асуудал, энэ ч өр гээд л талийж өгнө. Харин одоо л Тавантолгой хөдлөх гээд байгаа юм биш үү гэсэн асуултыг нэг удаа тавиад үзье. Юуны өмнө “Тавантолгой” төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт анхны уулзалтаа Хятадын “Шинхуа” группийн удирдлагуудтай хийлээ.

Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх 19 хүний бүрэлдэхүүнтэй уг ажлын хэсгийг Уул уурхайн сайд Ц.Дашдорж ахалсан бол дэд даргаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар ажиллах юм билээ. Засгийн газраас “Тавантолгой” төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй цахилгаан станц гэх мэт Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай цогцоор нь шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого барьж байгаа сураг байна.

Уулзалтад “Шинхуа” группийн талаас дарга Лу Бинг, ерөнхий менежер Лиу Шанг тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Уулзалтын үеэр “Шинхуа” группийн талаас “Тавантолгойн төслийн тендерт бид хоёр удаа орж ялсан. Танай Засгийн газраас “Тавантолгой”-н өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад баяртай байна.

Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, энэ төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлье” гэсэн байна. Өмнөх хэлэлцээрт Монголын талаас “Энержи ресурс” компани дангаараа оролцож байсан.

Тэгвэл энэ удаад “Олборлолт”, “Хишиг арвин индустриал”, “Гранд повер”, “Үндэсний олборлогч”, “Моннис” зэрэг үндэсний компаниуд оролцох гэнэ. Ажлын хэсгийн ахлагч Ц.Дашдорж “Тооцоо судалгаан дээр олон сар суулаа. Монгол Улсад ногдох өгөөжийг М.Энхсайхан сайдын хийж байсан хэлэлцээрээс давуу болгох тал дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллалаа” гэсэн байсан.

Энэ уулзалтаас Тавантолгой хөдлөх бага сага найдлага харагдаж эхэллээ. Хөдлөх юу ч байх вэ дээ, Монголд үр ашгаа өгөх гэвэл илүү оновчтой ч байж магадгүй. Бүр Монголын ард түмэнд гэвэл онох ч байж болох. Өнөөдөр Монголын эдийн засаг элгээрээ мөлхөх байна. Өнөө дарж авах гээд аргаа бараад байдаг инфляцыг нь бүр хасах руу ороод, сүүлийн гурван cap дефляци болчихоод л “давхиад” байна. Валютын ханш нь тэнгэрт тулж, төгрөг нь үнэгүйдээд, цаас болон хувирч эхэллээ.

Монголын Засгийн газарт цалин тэтгэврээ тавьж тавья хүрэх мөнгө байгаа юу гэдэг нь ч эргэлзээтэй болчихсон Ядаж байхад эрх баригчдын аль эрт тавьсан өр хаалга тогшоод, сандаргаад байдаг.

Дахиад л зээл авч байж өмнөхөө дарахаас өөр сонголтгүй гэсэн юм яриад байгаа. Тиймдээ ч Монголд мөнгөнөөс хэрэгтэй юм алга. Ядаж байхад яр гэгчээр Оюутолгойд бас асуудал үүсчихсэн. Тийм болохоор бид ахиу хэдэн төгрөг олох боломж нь ердөө л Тавантолгой. Тийм болохоор ямар ч аргаар хамаагүй хурдтайхан хөдөлгөж, жаал жуул мөнгө олохоос өөр арга Ж.Эрдэнэбатын Засгийн газарт байхгүй.

Засгийн газар гэдэг угтаа МАН л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр М.Энхболд тэргүүтнүүд бушуухан Тавантолгойг нэг тийш нь болгож, намаг балчгаас гарах уяа хийхээс өөр сонголтгүй байна.

Хятадаас мөнгө зээлэхгүй төсөл хөтөлбөрүүдээ явуулахаар тохирсон уу

Далай лам Монголд айлчлаад, Хятадын талаас мэдэгдэл гаргаад л, манай төр засгийнхан баахан айлчлал цуцлагдсан талаар мэдээлээд байсан даа. Тэгвэл зарим нэг эдийн засагчид үүнийг зүгээр л “жүжиг” байсан гэж дүгнээд байна. Цахим хуудсаараа ч энэ талаар бичиж, үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс бий.

Манай Засгийн газар Хятадын Засгийн газраас хэдэн тэрбум ам.доллар зээлэх гэж байгаа гэсэн яриа гарсан даа. Сүүлдээ бэлэн мөнгө зээлэхээ болиод, оронд нь Хятадын Засгийн газраас манай төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллахаар болсон юм байх.

Тиймдээ ч Далай ламын айлчлалыг халхавч болгож, дэлхий нийтэд хоёр орны харилцаа муудсан мэтээр харуулах хэрэгтэй болж л дээ. Ингээд л Далай ламыг Монголд авчирсан. Түүнээс биш ганц хамба лам ч Далай ламыг Монголд аваад ирдэг юм биш. Энэ бол өнөөх таамаг дэвшүүлээд, хардаад байгаа хүмүүсийн өнцөг.

Буруу гэх үндэслэл байхгүй. Угаасаа Далай ламыг ирэх гэж байгааг болиулах эрх Засгийн газарт байгаа. Гэтэл тэр зүгээр л ирчихээд яваад өгсөн. Дараа нь Хятад руу манай томчуудын явах гэж байсан айлчлал, уулзалтуудыг цуцлагдсан. Өнөө их мөнгө зээлэх гэсэн сураг ч бүдгэрлээ.

Дээрээс нь Тавантолгойн асуудлаар хоёр тал уулзаад л. Үнэхээр харилцаа асуудалтай болж, Хятадын талаас хатуурхсан бол энэ мэт уулзалт болоо ч уу, үгүй ч үү. Дээрээс нь Засгийн газраас Дархан, Эрдэнэтийн чиглэлийн замыг засч, янзална, эгнээг нь нэмнэ гэсэн шийдвэр гарсан. За тэгээд Тавантолгойг дагасан олон бүтээн байгуулалт байгаа.

Төмөр зам, цахилгаан станцаас авахуулаад. Энэ их бүтээн байгуулалтыг яаж хийх гэж байгаа билээ дээ, энэ чинь. Манай Засгийн газарт мөнгө байхгүй шүү дээ. Ингээд бодохоор зарим эдийн засагчдын дүгнэлт байгаа оносон байх магадлал өндөр. Хоёр тал ерөөсөө Тавантолгой, тэгээд Дархан, Эрдэнэтийн чиглэлийн зам гээд тодорхой том төслүүдийг ажил хэрэг болгох тохиролцоонд хүрсэн юм биш үү.

Ингээд л бэлэн мөнгө зээлэх асуудлаа больсон байх. Тиймээс Тавантолгой хөдөлнө. Хөдлөх хөдлөхдөө бүр дорвитойхон ажил өрнөж ч магадгүй юм. Тэгээд ч ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай. МАН-ын дарга М.Энхболд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал хамгийн өндөртэйд тооцогдож байгаа.

Мань хүн ойрноос Засгийн газраа шүүмжлээд эхэлсэн байсан. Магадгүй өөрөө Ерөнхий сайдынхаа суудалд суугаад, Тавантолгойг хөдөлгөж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эдийн засгаа сайжруулах төлөвлөгөөтэй байж ч болох юм. Аль ч өнцгөөс нь харсан Тавантолгой нэг юм дуулгахаар л болчихлоо.

Зураг