Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ерээд онд “Нэг Хятад” зарчим зөрчигдсөний дараа Америк-Хятадын дайн гарах шахсан түүх

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Тайваний ернхийлөгч асан Ли Тэн Хуй АНУ-д

Тайваний арлыг Хятадын нэг хэсэг гэж үздэг “Нэг Хятад” бодлогыг АНУ-Хятадын харилцааны гол суурь гэж тооцдог. Тиймээс Америкийн зүгээс Тайваний тусгаар тогтнолтой холбоотой үйлдэл гарах бүрт Бээжин эсэргүүцлээ илэрхийлдэг уламжлалтай. Урьд нь Бээжин Тайванийг зэвсгийн хүчээр өөртөө нэгтгэнэ гэж сүрдүүлдэг байсан ч 1990-ээд онд гарсан нэгэн үйл явдлын дараа энэ хандлагаа зөөлрүүлэх болсон юм.

Үйл явдал 1995-1996 онд болсон бөгөөд түүхэнд Тайваний хоолойн гуравдугаар хямрал гэж нэрлэдэг. Хоёр гүрний хооронд дайн гарах шахсан удаатай.

 

Зөрчил хэрхэн бий болов?

1995 оны зургаадугаар сард АНУ-ын ерөнхийлөгч байсан Билл Клинтон тухайн үед Тайваний ерөнхийлөгч байсан Ли Тэн Хуйд виз өгч, Корнеллийн Их сургуулийн төгсөгчдийн уулзалтад оролцох боломж олгосон юм.

Энэ бол 1979 онд Америк Тайваниас дипломат харилцаагаа тасалсны дараах анхны төрийн тэргүүний хувийн айлчлал байв.

Бээжин Клинтоны шийдвэрийг “Нэг Хятад” зарчмыг зөрчлөө гэж шүүмжлэн Хятад дахь Америкийн бизнесүүдэд хориг тавих, Ирантай цөмийн чиглэлээр хамтарч ажиллах зэрэг хариу арга хэмжээ авахаар сүрдүүлж байжээ.

Америкт зочилсон Ли Тэн Хуй 1995 оны зургаадугаар сарын 9-нд Корнеллийн Их сургуулийн төгсөгчдийн өмнө үг хэлэхдээ “Тайвань дахь Хятадын Бүгд Найрамдах Улс” гэсэн нэр ашиглан “хэзээ нэгэн цагт дэлхий нийт Тайвань дахь Хятадын БНУ-ыг хөгжил дэвшлийн найрсаг түнш гэдгийг ойлгох цаг ирнэ” гэж хэлсэн нь Бээжинг улам бухимдуулсан юм.

Долдугаар сард нь Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА) найм хоногийн пуужингийн сургуулилалт хийв. Жолоодлоготой пуужин Тайваний мэдлийн Пэнчяю аралд 65 км ойр туссан нь нийслэл Тайпэйгээс хойд зүгт ердөө 160 км зайтай байлаа. Мөн ХАЧА тэр оныхоо арваннэгдүгээр сарыг хүртэл Тайваний хоолойн нөгөө эрэг болох Фужянь мужид хэд хэдэн удаа далайгаас эрэгт довтлох цэргийн сургуулилалт хийсэн юм.

Хариуд нь АНУ арванхоёрдугаар сард нисэх онгоц тээвэрлэгч USS Nimitz хөлгийг бусад хөлгүүдийн хамт Тайваний хоолойд оруулжээ. АНУ-ын байлдааны хөлгүүдийг Тайваний эсрэг довтолж болзошгүй болоод байсан Бээжинд анхааруулга өгөх зорилгоор илгээснээ Америкчууд мэдэгдэж байсан бол Америкийг Хятадын дотоод хэрэгт оролцлоо гэж Бээжин буруутгаж байв.

1996 оны гуравдугаар сард Тайвань түүхэндээ анх удаагаа ерөнхийлөгчийн шууд сонгууль зохион байгуулжээ. Хэрвээ Ли Тэн Хуйг сонговол дайн эхэлсэнд тооцно хэмээн Бээжингээс сүрдүүлж байв. Сонгуулийн өмнөхөн Хятадууд дахин пуужин харваж, цэргийн сургуулилалт явуулсан нь санал хураалтын өдрөөс хойш хоёр хоног үргэлжилсэн юм. Гэвч Тайваньчууд Лиг хоёр дахь удаагаа сонгожээ.

 

Хямрал хэрхэн төгссөн бэ?

Сонгуулийн өмнөхөн Персийн буланд үүрэг гүйцэтгэж байсан USS Nimitz хөлөг болон бусад байлдааны хөлөг онгоцнууд даруй Тайваний эрэгт хүрэв. Америкийн ийм түвшний байлдааны зэвсэг техникийн дор эсэргүүцлээ илэрхийлж чадахгүйгээ ойлгосон Бээжин аажимдаа бодлогоо зөөллөхөөс өөр аргагүй болсон юм.

Гуравдугаар сарын 28-нд АНУ-ын батлан хамгаалахын сайд Уилльям Пэрри хямрал өндөрлөснийг зарлажээ.

 

Хямралын үр дагавар

Бээжингийн Тайпэйг сүрдүүлэх оролдлого үр дүнгүй болжээ. Ли Тэн Хуйг дэмжлэггүй болгож, Тайваньчуудыг айлгах төлөвлөгөө нь эсрэгээр эргэж Тайвань арлын иргэдийн бухимдлыг дэврээснээр Лиг тойрон хүрээлэгчид нэмэгдсэн байна. Тиймээс Ли Тэн Хуй сонгуульд 54 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

 

Хямралын дараа Америкчууд Тайваньд зэвсэг нийлүүлэхэд эргэлзэхээ больж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэв. Нэмээд Тайваньчууд Японоос ч зэвсгийн дэмжлэг авах болжээ.

Бээжингийн хувьд өөрсдийн зэвсэг, техникийг хэр их хоцрогдсон, шинэчлэх шаардлагатай болохыг ойлгосон байна. Ялангуяа тэнгисийн болон агаарын хүчиндээ анхаарал тавих цаг болсныг ухаарчээ.

 

Эх сурвалж: South China Morning Post