Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмтлийн эмнэлгээр жилдээ үйлчлүүлдэг 84 мянган иргэний 75 хувь нь ЭРЭГТЭЙЧҮҮД...

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Замын Цагдаагийн алба, ГССҮТ-тэй хамтран өнөөдөр “Аюул дагуулсан 12 дугаар сар” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.

Арванхоёрдугаар сард хальтиргаа гулгаанаас болсон зам тээврийн осол болон хальтирч унаснаас шалтгаалан эд эрхтнээ гэмтээх тохиолдол бусад саруудаас хамаагүй илүү байдаг ажээ.

Тоо баримтаас харвал арванхоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 171 жолооч илэрсэн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2,883 бүртгэгдсэнээс нийслэлд 1,878 байсан тухай Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэдэнсайхан хэллээ.

 

Харин ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн төвийн дарга Д.Пүрэвдоржийн мэдээлснээр 12 дугаар сард тус эмнэлгийн ачаалал 35-40 хувиар нэмэгддэг байна.

ГССҮТ-өөс жилдээ 84,000 гаруй хүн үйлчлүүлдгийн 30 хувь нь зөвхөн явган явж байгаад хальтирч унасан иргэд байдаг ажээ.

Мөн архи хэтрүүлэн хэрэглэснээс болж осгож, гар хурууны сарвуугаа хөлдөөсөн 6-8 хүн нэг өдөрт ирдэг байна. Настайчуудын хувьд хальтирч унаснаас болж дунд чөмөгөө хугалах, гавал тархины гэмтэл авдаг бол залуучууд шагай шилбээ хугалах, мөн гавал тархины гэмтэл авдаг тухай Д.Пүрэвдорж эмч хэллээ.

Дүүргээр нь авч үзвэл хүн хамгийн их оршин суудаг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэд хамгийн олон тоотой байгаа аж. Харин амьдралын нөхцлөөр нь авч үзвэл нийт өвчтөнүүдийн 65 хувь нь гэр хороололд амьдардаг иргэд байдаг юм байна.

ГССҮТ-д жилдээ үйлчлүүлдэг 84,000 гаруй иргэний 75 хувь нь ЭРЭГТЭЙЧҮҮД байгаа нь эрэгтэй хүмүүс илүү бэртэж, гэмтдэг болохыг харуулж байна.

Тиймээс иргэд баяр ёслолын энэ өдрүүдэд иргэд өөртөө болон бусаддаа анхаарч, хариуцлагатай хандахыг эмнэлэг, цагдаагийн байгууллагуудаас анхааруулж байна. 

Байгууллага аж ахуй нэгжүүд шинэ жилээ хэрхэн сайн тэмдэглэх вэ гэж бодохоос алба хаагч, ажилчидаа хэрхэн аюулгүй гэр орондоо харьж байна гэдэгт анхаарал хандуулдаггүй. 

Үүнээс болоод шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох, хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Хэдхэн жилийн өмнө Талархлын бичигээ тэврээд хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарч байсныг Цагдаагийн байгууллагаас санууллаа.

ГРАФИК 1: ГЭМТЛИЙН ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ХУВИАР /ЖИЛДЭЭ 84,000 ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ/