Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тураах эм их уухаар цөс чулууждаг

Өглөөний сонин
2016 оны 12 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг

-Цөсний хамгаалахын тулд өөх тостой, шарсан хуурсан хоолоос татгалзах, ус сайн уух, холестрин багатай хүнс хэрэглэх хэрэгтэй-

Сүүлийн үед 10 хүн тутмын тав нь цөсний хагалгаанд орж байна гэсэн харамсалтай судалгаа гарчээ. Чухам яагаад цөс гэдэг эрхтэн чулуужиж, өвчилдгийг “Буянт-Ачлал” эмнэлгийн Тэргүүлэх зэрэгтэй дотрын их эмч Ч.Буянжаргалаас тодруулсан юм.

-Хүний биед цөс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Цөс нь хэвлийн хөндийд байдаг 8-12 см урт, 3-5 см ергөн, 40 смЗ багтаамжтай лийр хэлбэртэй эрхтэн. Цөс хүний биед хоол боловсруулах үүрэгтэй. Ходоодноос хүчил, нойр булчирхайгаас фермент, цөснөөс цөсний хүчил ялгарч, нарийн гэдсэн дэх хоол боловсруулалтад оролцдог юм. Цөс нарийн гэдсэнд байгаа хоолтой орж ирсэн нянг үхүүлэх үүрэгтэй.

Товчхондоо цөс хоол боловсруулалтад оролцохоос гадна бактер устгах үйл ажиллагаатай. Цөс элгэн дотор үүсдэг ч цөсний хүүдий цөсийг хадгалах үүрэгтэй. Хүүдий дотор байгаа цөс элэгнээс гарч байгаа цөснөөс 3-5 дахин өтгөрч байж хоол боловсруулалтад оролцдог.

Цөс өтгөрч, чулуужлаа гээд байдаг. Энэ нь элэгнээс гарч байгаа цөс болон цөснөөс гарч байгаа хүчил тодорхой хэмжээгээр зогсонгишилд орж байна гэсэн үг.

-Цөс яаж өтгөрдөг юм бэ?

-Хүнд хоол идсэнээс болно. Нэг дор их идэх эсвэл удаан өлөн явснаас цөс ялгарах ёстой хэмжээнд хүрдэггүй. Энэ нь цөс өтгөрөөд байна гэсэн үг. Манайхан хүнд, махан хоол их хэмжээгээр иддэг. Хэдийгээр цөс өөх тос боловсруулах гэж хүний биед үүсдэг ч гэсэн тодорхой хэмжээтэй байх ёстой.

Өдөр болгон мах, өөх тос, нүүрс устай бүтээгдэхүүн хэрэглэх нь цөсний хүүдийд тодорхой хэмжээний ачаалал үүсгэдэг гэж ойлгох хэрэгтэй. Гэдэсний ханаар тосонд уусдаг амин дэм, холестерины хүчлийн шимэгдэлтийг ихэсгэдэг үйлчилгээтэй. Шингэн бага ууж, дандаа махан хоол идээд байвал цөс өтгөрч, өтгөрсөн цөснөөс чулуу үүсдэг.

Цөсний чулуу нэгэнт үүсэх хүртлээ явчихсан байвал болгоомжлох хэрэгтэй. Цөс өвдөх л юм бол хамгийн түрүүнд та чулуутай эсэхээ тодорхойлуулах ёстой. Чулуутай байгаад дур мэдэн эмчилгээ хийвэл суваг хаагдаж эрсдэл үүсэх тал бий.

-Цөс өтгөрөх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Цөс мэдрэмтгий эрхтэн учраас баруун талын гар, мөрөөр дамжиж өвддөг. Мөн баруун далны доогуур, тохойны хонхорхой өвдөнө. Баруун хавирганы нуман доор цөс байрладаг ч өвдөх өвчлөл нь өөр газруудаар мэдрэгдэнэ. Бүр мэдрэг хүмүүс баруун хавирганы доор юм хүндрээд байна гэж мэдэрдэг.

Цөс өтгөрөөд өвдөх хүртлээ хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой учраас ходоодны биет шинж буюу дотор муухайрах, цээж гашуун оргих, хоол шингэхгүй удах зэрэг шинж тэмдэг илэрсэн байдаг.

Цөсний өвчлөлтэй, чулуутай хүмүүсийн ходоод эрүүл байна гэж бараг байдаггүй. Ходоодоороо дамжуулж хоолоо иддэг учраас тэр л дээ. Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид заавал хандах хэрэгтэй. Үүнийг эмч үзээд ходоодноос илүү давамгайлсан эсэхийг шинжилгээгээр гаргадаг. Үүний дараа эмчилгээгээ бичнэ.

-Чулуу үүсэхээс яаж сэргийлэх вэ?

-Шингэн юм сайн ууж, цөсөө угаах хэрэгтэй. Ялангуяа өвлийн улиралд мах их иддэг учраас хавар нь заавал цөсөө угаах эсвэл цөс хөөх эм хэрэглэх хэрэгтэй. Энэ нь урьдчилан сэргийлэх арга юм. Нэгэнт цөсний чулуутай болсон тохиолдолд дур мэдэж эмчилгээ хийж болохгүй. Заавал эмчид хандах хэрэгтэй. Мэргэжлийн эмч дотроо хоол боловсруулах замын эмчид хандах ёстой.

-Цөсний чулуутай бол угааж болохгүй гэдэг үнэн үү?

-Цөс угаахыг хүмүүс цөсний хүүдийг цэвэрлэдэг гэж ойлгоод байдаг. Тийм биш. Нарийн гэдсэнд байгаа цөсийг хөөгөөд тэгснээрээ үйл ажиллагааг нь хурдасгах ажил хийж байгаа хэрэг. Цөсний үйл ажиллагааг хурдасгаж байхдаа чулуу цөснийхөө сувгийг бөглөх аюултай учраас угаах үйлдлийг хийхгүй байх хэрэгтэй. Харин цөс хөөх эмүүд хэрэглэхэд зарим нэг холестерины гаралтай чулууг буталж, жижиг болсны дараа цөсний сувгаар гарах боломжтой.

-Ер нь сүүлийн үед хүмүүс цөсөө маш их авахуулж байна. Ер нь цөсөө авахуулах нь зөв үү?

-Манайд ихэнх эмнэлэгт дурангийн хагалгаа хийгдэж байгаа. Дурангаар цөсний хүүдийг авч байгаа хэрэг. Хүний биед илүү эрхтэн гэж байдаггүй. Хүмүүс чулуутай бол нэг мөсөн цөсөө авахуулчих гээд байдаг. Тийм биш шүү.

Хэдийгээр элэгнээс цөс гарч байгаа боловч цөсний хүүдий дэх цөснөөс шингэн байдаг. Цөсний хүүдий байхгүй болчихоор ходоодонд их хэмжээний хоол орох үед ачааллыг нойр булчирхай, ходоод хоёр авдаг. Цөсний хүүдийгээ авахуулсан хүмүүс хавсарсан маягаар нойр булчирхай, ходоод өвдөх нь элбэг байдаг.

-Хэрвээ чулуугаа авахуулахгүй удаан явбал ямар эрсдэл гарах вэ?

-Хүмүүс цөсний чулуугаа тоохгүй өвдөлтөө дараад яваад л байдаг. Чулуу үүсчихээр хоол боловсруулалтад цөсний тал нь л оролцоно шүү дээ. Ихэнх нь чулуу болж бөглөөд тодорхой саад учруулна. Үүнд олон эрсдэл бий. Нэг л өдөр цөсний өвдөлтийг өгдөг. Тийм байж иддэгээ идээд байвал цөснөөс гадна нойр булчирхай хавсарч өвдөнө. Хойшоо наалданги үүсэх магадлалтай болно. Цаашлаад цөсний хэмжээ нь томроод хагарах аюултай. Цөс хагарах эрсдэл ч бий. Хагарсан цөс эдгэхдээ их удаан байдаг. 

-Цөсний чулуу хэдээс хэдэн насныханд илүү их үүсч байна вэ?

-Залуу охид би өөх тостой хоол идэхгүй байхад миний цөс чулуужчихлаа гэдэг. Залуу хүүхдүүд их тураах эм хэрэглэж байна. Тураах эм голдуу 2-3 литр ус уу гэсэн заалттай байдаг. Түүнийг нь дутуу уудаг. Манай монголчууд шингэн нэг их уудаггүй юм байна. Түүнээсээ болоод цөсний чулуу үүсэх асуудал их байдаг.

Тураах эм хэрэглэсний дараа, жирэмслэлтийн дараа гээд дандаа зогсонгишилтоос үүссэн цөсний чулуу сүүлийн үед ихэсч байна. Цөсний чулуугаар өвчлөгсөд залуужиж байгаа.

-Цөсний чулуугаа авахуулсны дараа ямар дэглэм барих ёстой юм бэ?

-Өөх тостой, нүүрс ус орсон хоолыг аль болохоор хязгаарлах хэрэгтэй. Богино цагаар нэг суудал дээр их идэхгүй байх ёстой. Шингэнийг их хэмжээгээр хэрэглэх нь зөв. Шингэн гэхээр ус гэж ойлгох хэрэгтэй. Ундаа, кофе, цай бол тусдаа зүйл. Өдөрт дунджаар нэг литр орчим ус уух нь зөв. Өглөө, өдөр, орой хоёр аяга ус ууж хэвших нь эрүүл мэндэд маш тустай.

-Цөсний чулууг хэмжээд гаргачихдаг юм билээ. Хэдэн см бол томдоо орох вэ?

-Жижиг мөртлөө өвдөлт өгдөг чулуу байдаг юм. Дундаж голч нь 5-6 мм хэмжээтэй чулуу үүсдэг. Тэрнээс доош хэмжээтэй бол сувгаар гарчих боломжтой.

-Өвдөөд эхэлбэл цаг алдахгүй эход үзүүлэх хэрэгтэй юу?

-Зовиуртай шинж тэмдэг илэрвэл үзүүлэх хэрэгтэй. Байгууллагуудаар урьдчилсан сэргийлэх оношилгоо явагддаг шүү дээ. Эхогоор цөсний чулууг 95-100 хувь оношилдог. Мөн цөс нугаларсан, хана хатуурсан зэргийг оношлуулах шаардлагатай. Чулуугүй мөртлөө цөсний нугаларалт өвдөлттэй байдаг тал бий.

Саяхан нэгдүгээр эмнэлэгт очиход нэг өдөрт 10 хүн цөсний хагалгаанд орж байсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өөр олон эмнэлэг бий шүү дээ. Энэ нь өвчлөл их байгаагийн илрэл.

-Цөсний хагалгаанд орохоор болсон бол юуг анхаарах вэ?  

-Нэгэнт цөсний чулуу үүсээд  мэс засалд орохоор болсон бол сэдрээгүй тайван байгаа үед нь авахуулах нь  чухал. Өвдөөд эхэлчихсэн байхад цөсөө авахуулсан ч дараа нь чулуутай юм шиг өвдөлт өгөөд байдаг юм. Өвдөөгүй байгаа дээр нь авахуулах нь зөв. 
Зөвлөгөө
Мэсийн бус эмчилгээ
Ер нь эмчилгээг мэс заслын бус аргаар эхэлдэг. 

Хоолны дэглэм сахиулах арга /хурц, өөх тостой, хуурсан зүйлийг хориглох/

Тусгай бэлдмэлээр чулуу хайлуулах арга. Үүнийг зөвхөн чулуунууд жижиг байгаа үед хэрэглэнэ. Эмчилгээ нэг жилийн турш үргэлжилнэ. Ихэнх хүмүүст хэдэн жилийн дараа дахин чулуу үүсдэг. 

Бутлах арга. Тусгай төхөөрөмжийн тусламжтай өндөр давтамжтай долгионоор чулууг 1-2 мм хэмжээтэй жижиг хэсгүүд болгон. Бутална. Ингэснээр эдгээр нь өөрсдөө өтгөнөөр гарна. Ажилбар нь  өвдөлтгүй, хөнгөн явагддаг ба амбулаторийн нөхцөлд хийж болдог. 

Мэс заслын эмчилгээ

Мэс заслын эмчилгээг чулуунууд нь том, байнгын өвдөлт өгдөг, мөн дотрын эмчилгээ тус болохгүй үед хийнэ. Энэ нь цөсний хүүдийг авна гэсэн үг ба хоёр төрөл байдаг.

  • Сонгодог хагалгаа. Хэвлийд нэлээн урт зүслэг хийдэг бөгөөд хагалгааны дараа 10-12 см урт оёдлын сорви үлдэнэ.
  • Дурангийн хагалгаа. Тусгай төхөөрөмжийг хэвлийн хананд гаргасан жижиг нүхээр (1см орчим) хэвлийн хөндийд оруулна. Хагалгааны дараа ул мөр бараг үлддэггүй. Сонгодог аргатай харьцуулахад гэмтэл багатай, богино хугацаанд (4-5 хоногт) эдгэрэн гарч, хэвийн байдалдаа ордог давуу талтай юм. Хагалгааны хэлбэрийг эмч сонгоно. Чулуу том хэмжээтэй бол сонгодог аргыг, чулуу жижиг үед хоёрдугаар аргыг хэрэглэнэ. Мэс засал ихэнх тохиолдолд өвчнөөс бүрэн ангижруулдаг.

Цөсний өвдөлтийг ардын аргаар анагаахуй. Гурван жил болсон адууны хөх хомоолыг нүдэж чанаад тунгааж шөлийг нь өдөрт 2-3 удаа уувал цөсний өвчин эдгэрнэ. Цөс өвсийг тан эм адил чанаж уувал цөсний өвчинд сайн.

Зураг