Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Дашдондог: Зохиолыг минь уншдаг хүүхдүүддээ их баярлалаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогт өнөөдөр Төрийн соёрхол хүртээлээ.  /Энэ тухай ЭНД ДАРЖ УНШИХ БОЛОМЖТОЙ/

Төв суурин газраас алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд ном хэмээн эрхэм ертөнцийн үүдийг нээж өгөхийг зорьж тэмээ унан, явуулын номын сан ажиллуулж, гэрэл гэгээ түгээж явдаг эрхэмээс шагнал гардах үеийнх нь сэтгэгдлийг хуваалцлаа. 

-Өнөөдөр та эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялаалгалаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

-Морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн дээд шагнал гардуулж өгөхөд их олон юм бодогддог юм байна. Юуны өмнө 17 настай байхад минь миний анхны номыг улсын хэвлэлээр гаргаж, шүлгийн моринд мордуулсан Дамдинцоогийн Содномдорж гэдэг хүн маань дурсагдаж байна. Мөн Есөнбулгаас миний анхны номын тухай захиа бичиж, урмын сайхан үг хайрласан Лодонгийн Түдэв гуай дурсагдаж байна. 

Өнөөдрийн Төрийн шагналын номын жагсаалтад миний “Аав, ээж, би” гэдэг ном орсон байна. Энэ номыг би аав, ээж, дүүтэйгээ хамтарч зохиосон.  Энэ бол гэр бүлийн ном юм. Гэр бүлийн ном  маань Монголын олон айл, гэр бүлийн ном болж өргөжсөнд баяртай байна. 

Жаахан гутруу явахад ээж маань надад нэг удаа хэлж байсан л даа. “Миний хүү хэзээ нэгэн цагт Төрийн шагнал авна” гэж. Тэр нь биелэж байна. Ямар холыг хараа вэ гэж аав, ээжийгээ бодоод зогсоно.  

Надад их том урам зориг өглөө. Цаана нь уран бүтээлийн өндөрлөг байна гэж бодож байна. Төрөөс өгсөн энэ сайхан урам зоригоор шүлгийн номоо нэг сайн гуядаж аваад, “Морьтой үлгэр”-ээ хөтлөөд, шинэ уран бүтээлийн замдаа гарья гэсэн бодолтой байна

Төрдөө баярлалаа, Монгол Улсын Ерөнхийлөгч танд баярлалаа, хүүхдүүддээ баярлалаа. Би хүүхэдтэй хамт энэ шагналыг авлаа. Миний зохиолыг уншиж, надад олон жил урам өгсөн Монголын хөөрхөн хүүхдүүдэд их баярлалаа. 

-Та өнгөрсөн хугацаанд хэдэн ном бичив? 

-100 орчим ном бичсэн. Гэхдээ хүүхдийн зохиол хутганы ир шиг нимгэн юм шүү дээ. Гадаадад 30-аад ном хэвлэгдсэн. Үүнээс Солонгост долоо, Японд таван ном хэвлэгдсэн. 

Английн сурах бичигт миний “Есөгчин” гэдэг үлгэр орсон. Би тэрэнд их баярлаж явдаг юм. Өвөрмонголын сурах бичигт бас нэлээн орсон байдаг юм байна. Халимагийн сурах бичигт шүлгүүд маань орсныг би телевизээр харж байлаа.  

-Сэтгэгдлээсээ хуваалцсанд баярлалаа.