Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

М.Тунгалаг: Манай орны ойд хэдэн тэрбумаар хэмжигдэх нөөц баялаг "ХЭВТЭЖ БАЙНА"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 9
iKon.MN
 

Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ-наас өнөөдөр эрдэмтдээ сонсох уулзалтыг зохион байгууллаа.

Ойн хомсдол гэдэг нь ойн сангийн газрыг өөр хэлбэрийн газар болгон ашиглалтад оруулахыг хэлнэ. Ойн хомсдол бий болохоос урьдчилан сэргийлэх нь тус хөтөлбөрийн үндсэн зорилго ажээ.

Манай оронд 140 гаруй зүйлийг мод, сөөг тархан ургадаг бөгөөд навчит болон шилмүүст гэсэн үндсэн хоёр ангилалд хуваагдана. Шинэс, нарс, хуш, гацуур, жодоо зэрэг нь шилмүүст модны ангилалд хамаардаг бол хус, улиас, улиангар, хайлаас, бургас, сөөг нь навчит модны ангилалд хамаарна.

Манай орны ойн сангийн зонхилогч гол мод нь шинэс бөгөөд байгалийн ойн талбайн 62.5 хувийг, нөөцийн 78.6 хувийг эзэлдэг. 

ГРАФИК: монгол орны ойн нөөц 1.2 сая шоо метр байна

2015 онд хийссэн тооллогоос харвал манай орны ойгоор бүрхэгдсэн талбай сүүлийн таван жилд 759.2 мянган га-аар багассан үзүүлэлттэй байна.

Өнөөдрийн уулзалтад оролцсон эрдэмтэд Монгол орны ойг эдийн засагт үр ашигтай болгох талаар санал бодлоо түлхүү илэрхийлж байв. Ингээд Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалагтай ярилцсанаа хүргэе.

"бид олон жил зөвхөн ойгоо хамгаалах бодлого баримталж явсан нь бурууджээ"
 

-Манай орны ойн салбарт ямар асуудал тулгамдаж байгаа вэ?

-Ойн салбарт чухал үе ирж байгаа. Яагаад гэвэл 40 жилийн дараа хийгдсэн ойн иж бүрэн тооллогыг Монгол Улсан Засгийн газар 12 дугаар сарын 13-нд хүлээн авна. Энэ тооллогоор маш олон статистик гарна.

Үүнээс харахад бид олон жил зөвхөн ойгоо хамгаалах бодлого баримталж явсан нь бурууджээ. Цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойн тогтвортой менежментийн загварыг бий болгох нь нэн тулгамдсан асуудал болж байна.

Хамгийн эхний бодлогын зорилт нь манай орны ойн 80 орчим хувь нь хөгшин модноос бүрдэж байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид ойгоо эргэлтэд оруулах, эрүүл болгох, залуужуулах шаардлагатай. Хөгшин ой нь хортон шавьж үүрлэх, түймэрт өртөх эрсдлийг илүү болгодог. Мөн ойн доторх төрөл зүйлийг бүрдлийг хүртэл тохируулах шаардлага гарч байгаа.

-Ойг эдийн засагт үр өгөөжтэй болгохын тулд яах ёстой вэ?

-Манай ойгоос эдийн засагт ирж буй үр өгөөж маш муу байдаг. Гурван сая хүнтэй манайх шиг ард түмэн нэг иргэнд оногдох ойн нөөцийн хэмжээгээрээ дэлхийн дунджаас хамаагүй том. Ойн баялгаа зөв зүйтэй ашиглаж амьдрахад тун боломжтой.

Эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд ойн аж ахуйн арга хэмжээний олон дүрэм, журмыг солих шаардлагатай.

Ой дотор хатаж унасан модны нөөц 420 сая шоо метр байгаа. Энэ бол хэдэн тэрбум доллараар хэмжигдэх маш их хэмжээний нөөц баялаг ойд хэвтэж байна гэсэн үг. Гэхдээ үүнийг бүгдийг нь авахгүй. Дор хаяж гуравны нэгийг нь ойдоо ашигтай байхаар үлдээж үлдсэн хэсгийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө болгох, олсон мөнгөө эрүүл ой бий болгоход зарцуулах хэрэгтэй.

-Ойн нийт талбайн хэдэн хувь нь шатчихаад байгаа вэ?

-Шатсан талбайн хэмжээ 1.2 сая орчим га. Хэнтийн бүсэд их харамсалтай тоо гарч байна. Хэнтийн бүсийн нийт ойн талбайн 30 гаруй гувь нь шатсан байгаа. Ой шатна гэдэг хоёр талтай. Нэг нь хүний буруутай үйлдэл, ойн байгалийн процесс гэсэн үндсэн хоёр шалтгаантай байдаг.

Шаталт нь нэгэнт доройтсон, хөгширсөн моднуудыг үгүй болгоход ач холбогдолтой. Залуу модод нь үлддэг. Энэ нь эргээд нөхөн сэргээлтэд чухал нөлөөтэй.

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн түймэр нь маш хортой байдаг.

-Улаанбаатар хотын ногоон бүсийн талаар яриач?

-Улаанбаатар хот ногоон бүсдээ маш их анхаарах хэрэгтэй. Агаарын бохирдол гэж их ярьж байна. Хотын эргэн тойронд буй 240 гаруй мянган га ой бол Улаанбаатар хотын агаарын чанарт хамгийн их нөлөөлж байгаа. Цас, бороо зэрэг байгалийн үзэгдлүүдийг тэнцвэртэй байлгадаг гол экосистем нь гэж хэлж болно. Үүнийгээ хаячихсан байгаа нь харамсалтай. 

 
Гэрэл зургийг MPA.mn