Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд НД-ын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгоно"

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

- Эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн хуулийн төслүүд -

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж буй ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй  малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ш.Раднаасэд нар малчдын нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх хугацааг мөнгөн орлого олох цаг хугацаатай давхцуулж болохгүй юу хэмээн тодруулсан. Учир нь нь малчид бусад ажил эрхлэгчидтэй адил сар бүр орлого олоод байдаггүй. Нийт малчдын 8 хувь нь л нийгмийн даатгалд хамрагдсан байгаа нь ч үүнтэй холбоотой гээд хуулийн төсөлд малчид, хөдөлмөр эрхлэгчдэд ямар боломж олгож байгаа вэ хэмээн лавлалав

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Малчид тогтмол орлого олж чаддаггүйн улмаас сар бүр тогтмол нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй. Малчид хавар ноолуур бэлтгэлийн, өвөл мах бэлтгэлийн үеэр орлого олдог. Тиймээс малчид орлого олсон үедээ нийгмийн даатгалын шимтгэлээ улирлаар, хагас жил, бүтэн жилээр төлөх боломжтой. Нийгмийн даатгалын ажилтантай гэрээ байгуулахдаа энэ талаар тусгаж болно. Энэ нь хуулиараа нээлттэй. Хууль хэрэгжсэнээр нийт 400 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг олгоно гэж тооцож байгаа гэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх талаар малчдад урьдчилан танилцуулах талаар анхаарах хэрэгтэй гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төсөлд 15-60 нас гэж тусгасан шалтгааныг тодрууллаа.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзоригийн тайлбарласнаар, Хөдөлмөрийн тухай хуулиар 15 нас хүрсэн иргэн эцэг эхийн хараан дор хөдөлмөр эрхлэх эрх нь нээгддэг бөгөөд 15 насанд хүрснээр ажиллах хүчинд багтаж байгаа болохоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх иргэний насыг 15-60 гэж тусгасан юм байна.

Хуулийн төсөл:

 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Мөнхцэцэг, Х.Баделхан, Д.Тогтохсүрэн нар асуулт асуусны дараа Байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Тэрбээр, Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанаар хийх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 2 дугаар зүйлийг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.19 дэх заалттай нийцүүлэх, мөн тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.11 дэх хэсгийн заалтын дугаарыг өөрчлөх саналыг хуулийн төсөлд тус тус орхигдуулсныг нэмж тусган, өөрчлөн найруулахаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд хуралдааны явцад гишүүдээс нэмж санал гаргаагүй.

Мөн гишүүн Ё.Баатарбилэг дагаж мөрдөх хугацааны талаар асуулт асуухад төсөл санаачлагч төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн Удирдах зөвлөл хуульд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулиудыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх саналтай байгаа талаар танилцууллаа хэмээлээ.

Ж.Батсуурь: Төрийн өмчийн их дээд сургуулиудын ТУЗ-д төрийн төлөөл 60% байна

Хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулсны дараа байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалагдах байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс