Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Болд: Агаарын бохирдлын эсрэг хамтдаа ЗОРИГТОЙ, ДАЛАЙЦТАЙ арга хэмжээ авъя

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 7
iKon.MN
 

НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг олон нийтэд танилцууллаа.

Улаанбаатар хотын нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас 7 дахин их байна. Монголд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан нь хатгалгаа байгаа юм. Энэ нь өөрөө эх нялхсын эндэгдлийн 15 хувийг эзэлж байна.  Хатгалгаанд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын бохирдол. Ялангуяа хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдан амьсгалдаг бөгөөд уушги нь харин бохирдоход амархан байдаг юм байна.

Мөн насанд хүрээд архагшиж болох гурван төрлийн өвчин агаарын бохирдлоос үүсэж байгаа гэдгийг судалгааны тайлан харуулсан тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бенес онцлов.

Энэ нь

  1. Зүрх судасны өвчин
  2. Амьсгалын замын архаг өвчин
  3. Уушгины хорт хавдар юм.
"Монгол Улсын жинхэнэ баялаг бол алт, мөнгө, зэс, нүүрс биш. Харин ХҮҮХДҮҮД чинь шүү"
 

Роберто БенесАгаарын бохирдлыг бууруулахад их хэмжээний мөнгө зарахгүйгээр маш хурдан хийж болох ажлууд байна. Тухайлбал ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, ядаж хүүхдийнхээ хажууд тамхи татаж болохгүй талаар мэдээлэл өгөх. Мөн сургууль, цэцэрлэг гээд хүүхдийн хамгийн их цагаа өнгөрөөдөг орчинд агаарын шүүлтүүр суурилуулах, амны хаалтны хэрэглээг хэвшүүлж, дэлгэрүүлэх ажлууд байна. Хамгийн гол нь хатгалгааны эсрэг вакцинд хүүхэд бүрийг хамруулах нь чухал гэв.

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа нь сайн хэрэг боловч цаг алдаж болохгүй. Дүгнээд хэлэхэд Монгол Улсын жинхэнэ баялаг бол алт, мөнгө, зэс, нүүрс биш. Харин ХҮҮХДҮҮД чинь шүү” гэв.

Хамгийн ноцтой нь агаарын бохирдол хүүхдийг ураг байхад нь өсөлт зогсох, дутуу төрөх, хатгалгаа, амьсгалын замын хурц үрэвслээр өвдөх зэргээр эрүүл мэндэд нь хор хохирол учруулдаг гэдгийг олон судалгаа нотолж байна.
"Хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд агаарын бохирдол МУУГААР нөлөөлдөг"
 

Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болд НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон байна. Тэрбээр өнөөдрийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо өргөх нь зөвхөн олны танил хүний хувиар биш эцэг хүний үүрэг гэдэг утгаараа энэхүү индэр дээрээс үг хэлэхдээ таатай байна.

Би өөрөө гурван хүүхдийн аав. Миний хүүхдүүд ч гэсэн агаарын бохирдолд өртөж хорт үр дагаврыг нь амсаж байгаа. Бага хүү маань байнга ханиад хүрч, ханиад нь харшлын шинж тэмдэгтэй байдаг. Эхнэр бид хоёр хүүхдээ аваад үргэлж эмнэлгээр явдаг. Бидэнтэй адилхан олон ээж аавууд байгаа байх гэж би бодож байна. Гэтэл зөвхөн ханиад биш эхийнхээ хэвлийд байгаа хүүхдүүд эрсдэж, дутуу төрөх явдал нэмэгдэж байгаа юм байна.

Төрсөн хойноо хатгалгаагаар эндэж байгаа нь ч агаарын бохирдлоос үүдэлтэй гэж эмч нар ярьдаг. Хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд агаарын бохирдол нөлөөлдөг бөгөөд агаарын бохирдолтой газар төрсөн хүүхэд ой тогтоох чадвар бага, аливаа зүйлийг ойлгохдоо удаан байгааг судалгаагаар нотолжээ.

Ийм л хортой нөхцөлд ирээдүй болсон үр хүүхдээ өсөж байна гэж бодохоор аав миний хувьд санаа зовохгүй байхын аргагүй. Тиймээс бүгдээрээ хамтдаа зоригтой, далайцтай арга хэмжээ авъя гэж олон мянган ээж аавуудын өмнөөс би уриалж байна” гэв.

Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлийн тохиолдлыг бууруулахын тулд тус тайланд дараах гурван тэргүүлэх чиглэлийг НҮБ-ын Хүүхдийн сангаас тодорхойлжээ.

  • Гэр болон сургуулиудыг цэвэр түлшээр хангах ба дүүргийн дулааны хангамжийг сайжруулах замаар агаарын бохирдлыг бууруулах,
     
  • Дархлаажуулалтын хамралтыг сайжруулж, уушигны хурц үрэвслийг өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд эмчлэн уушигны хурц үрэвслийн өвчлөлийн тохиолдлыг бууруулах,
     
  • Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, үүнд тамхины утаанд ертөх, хоол тэжээлийн дутагдал, эхийн сүүгээр дагнан хооллохгүй байх зэрэг багтаж байна.

Мөн цаашид НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах бодлогын шийдвэрт шаардлагатай баримт нотолгоог бий болгоход Засгийн газрыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

ФОТО ЗУРГУУД:
 
 
 
 
 
 
 

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn