Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цагаанхүү: Бичигтийн боомт дээр амьдаар нь экспортлох гэж байгаа 800 орчим адуу байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт дээр амьдаар нь хил гаргах гэж буй олон тооны адууг олон хоногоор машины тэвшин дээр байлгаж байгаа талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлэл тарсантай холбогдуулан ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн "2016 оны арваннэгдүгээр сарын 15-наас Шадар сайдын тушаалаар амьд адууг хилээр гаргахыг хориглоод байгаа. Энэ шийдвэр хүчин төгөлдөр байгааг хэлмээр байна.

Адууг тээвэрлэх явцад гэмтэж бэртэх, турж эцэх, машинаас унах, олноор нь нэг машинд ачсанаас болж нэг нэгнээ гишгэлэх, дарагдах гэх мэт эрсдэлүүд гардаг. Үүн дээр хүйтний улиралд урт замд тээвэрлэж хил дээр авчирсан адуу олон хоног машины ачаан дээр байх асуудал гарч байна.

ХХААХҮЯ-ны зүгээс цаашид амьд мал экспортлохыг хориглох, аль болох махыг боловсруулан гаргах бодлого баримталж байгаа" гэлээ.

Монголдоо нэг нь 400-500 мянган төгрөгийн үнэтэй байдаг адуу хил гараад нэг сая орчим төгрөгөөр худалдаалагддаг гэх албан бус мэдээллийг яамныхан өгч байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү "БНХАУ-руу 2008 оноос хойш амьд адууг албан ёсоор экспортолж эхэлсэн бөгөөд жилд дунджаар 3-7 мянган адуу гаргадаг. Ингэхдээ адуу тарга хүчээ авсан 9, 10, 11, 12 дугаар сард олон тоогоор экспортолж байгаа. Энэ жилийн хувьд 8-9 аж ахуйн нэгж амьд адуу экспортлох зөвшөөрөл авсан.

Одоогийн байдлаар Бичигтийн боомт дээр амьдаар нь экспортлох гэж байгаа 800 орчим адуу байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Бид  ХХААХҮ-ийн сайдын өгсөн чиглэлийн дагуу хил дээрх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлээд явж байна. Амьд адуу гаргахыг хориглосон шийдвэр гарахаас өмнө зөвшөөрлөө  авчихсан байсан цөөн тооны ААН-үүд хил дээр авч очсон адуугаа боломжоороо хариулгатай байлгаж байгаа. Мөн 2-3 хоноод хил гарчих байх гэж найдсан ААН-үүд адуугаа ачаатай чигээр нь байлгасаар байсан учраас адуу эндсэн асуудал гарсан.

Нэгэнт Шадар сайдын тушаалаар амьд адуу гаргахыг хориглож байгаа учраас тэдгээр адууг нутгийн гүн рүү буцаан татах эсвэл зааж өгсөн газарт бой хийх, мах болгон гаргах ажлыг зохион байгуулах байх гэсэн баримжаатай байна.

Цаашид Сайдын хэлсэнчлэн аль болох мах болгон гаргах бодлого баримтална. Энэ нь махны үйлдвэрүүдээ ч дэмжих сайн талтай" гэсэн юм.

Салбарын яам болон МХЕГ-ын зүгээс ОХУ болон БНХАУ-рүү мах экспортлох саналыг удаа тавьж байгаа бөгөөд энэ сард хөрш орнуудаас төлөөлөгчид ирж мах боловсруулах үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай танилцах юм байна.

Хурлын төгсгөлд үржүүлэгийн чиглэлээр урьд хөрш рүү гарсан адуу нутаг руугаа гүйгээд байдаг учраас нүдийг нь сохиолдог гэсэн мэдээлэл байгаа талаар тодруулахад,

ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш "Нэгдүгээрт үржлийн чиглэлээр гарч байгаа мал бүр тусгай лицензтэй гардаг. Үржлийн чиглэлээр мал экспортлох тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд хэд хэд байгаа ч тогтмол гаргаад байдаггүй. Гаргасан тухай бүрдээ манай яаманд тайлан өгдөг. Мөн хүлээн авсан ААН нь хаана ямар нөхцлөөр үржүүлгийн ажил хийж байгаа талаарх тайланг жил бүр гарган явуулж байгаа. Одоогоор үржлийн зориулалтаар гаргасан малтай зүй бус харьцсан талаар мэдээлэл ирээгүй байна" хэмээн хариуллаа.