Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль “Сургуулийн эргүүл-2016” дэвжээ тэмцээнд тэргүүллээ

Сүхбаатар дүүрэг
2016 оны 12 сарын 6
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сургуулийн сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан “School police” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Боловсролын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд оролцсон “Сургуулийн эргүүл-2016” дэвжээ тэмцээн өчигдөр Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль дээр боллоо.

Энэхүү тэмцээн нь Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Боловсролын тухай хууль, НИТХ-ын 2015 оны аравдугаар сарын 16-ны өдрийн “Сургуулийн эргүүлийн журам” батлах 177 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн өргөн агуулгын хүрээнд, олон нийтийн оролцоотой зохион байгуулагдснаараа онцлог юм.

 
Дүүргийн аварга шалгаруулах “Сургуулийн эргүүл-2016” дэвжээ тэмцээнд 9-11 дүгээр ангийн 4 сурагч, 1 багш, нийгмийн ажилтан, эцэг эхийн 3 төлөөлөл оролцсон есөн баг хууль эрх зүйн мэдлэг, авъяас чадвараараа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 1, 2, 4, 11, 35, 45, 58, 71, Ажилчин Залуучуудын Ээлжийн Сургуулийн баг өрсөлдсөнөөс тэргүүн байрт Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль орж нийслэлийн тэмцээнд оролцох эрхтэй болсон бол удаах байруудад 2, 4 дүгээр сургуулийн баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.

Мөн тэмцээнд амжилттай оролцсон баг бүрт батламж гардуулсан юм. Тэмцээний төгсгөлд багууд “Сургуулийн эргүүл-2016” дэвжээ тэмцээн нь сургуулийн орчинд аюулгүй байх, сурагчдыг учирч болзошгүй эрсдэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, багш эцэг эх, нийгмийн ажилтны үүрэг оролцоо, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн нэн ач холбогдолтой тэмцээн хэмээн тус тэмцээнд зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дүүргийн удирдлагууд болон багаа бэлтгэж оролцуулсан сургуулийн удирдлага, эцэг эхчүүдэд талархлаа илэрхийлж байв.