Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Цохилт” арга хэмжээний хүрээнд АРВААС дээш удаа ДЭЭРЭМ хийсэн этгээдүүдийг илрүүлжээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын цагдаагийн газраас өнөөдөр цаг үеийн болон дээрмийн гэмт хэрэгтэй тэмцэх “Цохилт” арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хотын хэмжээнд 2016 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 353 тохиолдлоор бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ нь өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт 62.9 хувиар нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлттэй байна. Харин 353 тохиолдол нь 69 нэгжээр буюу урд оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.1 хувиар буурсан байгаа юм байна.

Энэ талаар Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн “Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 10,11 дүгээр саруудад бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах гэмт хэрэг нэмэгдсэн. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх, бууруулах, таслах зогсоох, урд нь үйлдэгдэн гарсан гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг нь олж тогтоох чиглэлээр цагдаагийн байгууллагаас “Цохилт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

Арга хэмжээний хүрээнд нийт 89 гэмт хэргийг цагдаагийн байгууллага илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа хийгдээд явж байна. 2016 оны 11 дүгээр сараас хойш иргэн Ц гэгч нь 21 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэнийг илрүүллээ. Тухайн Ц гэгч нь өмнө нь ял шийтгэл эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдсан байгаа.

Мөн Н нарын гурван этгээд 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газраас илрүүлэн ажиллаа. Бусдын эд хөрөнгийг удаа дараа бүлэглэн дээрэмдсэн Б нарын зургаан этгээдийн хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна. Тухайн этгээдүүд гол төлөв ЕБС-ийн хүүхдүүдийн эд хөрөнгийг дээрэмддэг болох нь тогтоогдсон.

Гэмт хэрэг үйлдэж байгаа иргэдийн насны ангиллыг аваад үзвэл 17-21 хүртэлх насныхан байгаа нь ажиглагдаж байна. Дээрэмдэх гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заагдсан байдаг. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн этгээд хохирлын хэмжээ хамаарахгүйгээр ялын санкц өндөртэй байдаг тул залуучууд анхаарахыг сануулж байна” гэв.

Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газраас шинэ жил болох гэж буйтай холбогдуулан иргэдийг архи согтуурах ундаа хэрэглэхгүй байх, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагчид оролцогчдын аюулгүй байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэйг санууллаа.