Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Тайваньтай утсаар ярьсны дараа Цагаан ордон Хятадыг “тайтгаруулах” арга хэмжээ авлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампыг Тайваний ерөнхийлөгчтэй утсаар ярьсны дараа Цагаан ордныхон Хятадын талтай холбогдож “тайтгаруулах” арга хэмжээ авсан байна.

Тэд АНУ нь “нэг Хятад” зарчмыг сахисан хэвээр байгаа, Тайвань бол тусгаар тогтносон улс биш гэж үздэгээ энэ үеэр илэрхийлжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Ернэст хэлэхдээ албаныхан Трампыг яагаад Тайваний ерөнхийлөгчтэй утсаар ярих болсныг ойлгохгүй байгаа гээд АНУ-ын Хятадын талаар баримталж ирсэн бодлого өөрчлөгдөөгүй гэсэн байна.

“Хэрвээ Трампын баг өөр зорилготой байсан бол тэрийгээ өөрсдөө тайлбарлана байх” гэж тэр нэмж хэлжээ.

Баасан гарагт Трамп өөрт нь баяр хүргэж залгасан Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй 10 минут орчим ярилцсан нь 1979 оноос хойш Вашингтоны баримталж ирсэн бодлогыг эвдсэн явдал болсон юм.

1972 онд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон, БНХАУ-ын дарга Мао Зэдун нар уулзсаны дараа Вашингтон “нэг Хятад” зарчмыг сахих болсон. Дараа нь ерөнхийлөгч Жимми Картер энэ байр суурийг баталгаажуулсан юм.

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэхдээ Трампын багийнхан гадаадын төрийн тэргүүнүүдтэй утсаар ярихдаа урьдчилж мэдэгдэж байвал сайн байгааг анхааруулж байв.

Гэвч Трампын шилжилтийн багийнхан Цагаан ордноос хамааралгүйгээр олон улс орнуудтай харилцаж эхэлсэн нь Америкчуудыг дотроо үл ойлголцоход хүргэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Independent