Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 25 байршлаас НЭГ нь 84 сая төгрөгөөр зарагдлаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Газрын Албанаас өнөөдөр газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгууллаа.

Энэ удаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц, аж ахуй, фермер, амины орон сууц, худалдаа үйлчилгээ, зочид буудал, конторын барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ барих зориулалт бүхий нийт 25 байршилд нээлттэй явуулсан юм.

Дээрх 25 байршлын хоёр газарт дөрвөн хүний санал ирсэн бөгөөд өнөөдрийн дуудлага худалдаагаар Баянзүрх дүүргийн 11-р хорооны орон сууцны зориулалт бүхий 0.82 га газрыг иргэн Э.Энхцаг 84,073,271 төгрөгөөр худалдан авч, ашиглах эрхтэй болсон бол ХУД-ийн 10-р хорооны гуравдугаар байршилд оролцогчид үнийн санал өгөөгүйн улмаас хүчингүй боллоо.
 

Энэ талаар Нийслэлийн Газрын Албаны орлогч дарга Д.Нямдаваа “Бид дуудлага худалдааг цаашид нээлттэй байдлаар зарлана.

Энэ удаагийн дуудлага худалдаанд хоёр байршилд санал ирсэн боловч нэг байршил нь амжилтгүй, хоёр дахь байршил буюу БЗД-ийн 11-р хорооны 12 дугаар байршилд хоёр оролцогч оролцсон байгаа.

Үнийн дүнгийн доод хэмжээ болох таван сая төгрөгийн санал хэлснээр тухайн газар нь 84, 073, 271 төгрөгөөр зарагдсан байна.

Нийт 25 байршил зарлагдсан байгаа. Эндээс хоёр байршилд дөрвөн оролцогч хүсэлт гаргасан байгаа. Өнөөдрийн дуудлага худалдаагаар БЗД-ийн 12-р байршил дээр хоёр оролцогч ирж нэг нь ялагчаар тодорсон байна. Тухайн зарагдсан байршил орон сууцны зориулалтаар ашиглагдана” гэв.

Дуудлага худалдаанаас нийт 20 тэрбум төгрөгийн орлого оруулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар цөөн байршил зарагдаж байгааг иргэдийн санал бага ирсэн болон дуудлага худалдааны анхны үнийг тогтоосон журамтай холбож үзэж байгаа ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn