Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Би сэтгэдэг учраас тоглодог" номын хэсгээс: 2005 оны аваргуудын лигийн финалын талаар

ikon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Италийн нэрт хөлбөмбөгчин, "Маэстро", "Моцарт" хэмээн олноо алдаршсан Андрео Пирлогийн намтар ном өнгөрсөн долоо хоногт хэвлэгдэн гарлаа. Энэхүү ном нь Монголын спортын тэргүүлэх вэбсайт СиСпортс.мн үүсгэн байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд хэвлэгдэн гарч байгаа бөгөөд сэтгүүлч Г.Баярсайхан орчуулсан юм. "Би сэтгэдэг учраас тоглодог" номоос та Андреа Пирлогийн 1990-ээд оны эхнээс 2014 он хүртэлх хөлбөмбөгчний баялаг замналын тухай буюу AC Милан, Ювентус, Интер Милан клубууд, Италийн үндэсний шигшээ багийн талаар сонирхолтой зүйлсийг унших болно. Танд өдгөө ч фенүүдийн дунд “домог” болон дурсагддаг, 2005 оны Аваргуудын лигийн финалын талаар А.Пирлогийн сэтгэгдлээ хуваалцсан бүлгийн хэсгээс хүргэж байна. 

АРВАН ХОЁРДУГААР БҮЛГЭЭС

Хөлбөмбөгөөс хөндийрмөөр санагдаж байсан үе надад бий. Шал цөмөрч, дээвэр нурах гээд байгаа юм шиг тэр бүрхэг өдрүүдийг бодохоос одоо ч нуруугаар хүйт оргин агзайж байна. Шорт пүүзээ углаад, зүлгэн дээр гишгэх тоолонд мэдрэгддэг дэврүүн, хөгжүүн сэтгэл хөдлөл тэр үед надаас ор мөргүй хийсэн одсон байлаа. Гэхдээ энэ бол Хюнтелартай огт хамааралгүй явдал. 

Миланеллог тулааны октагон болгож хувиргасан Златан Ибрахимович, Огучи Оньеву хоёрын ч гэм биш. Тэднийг ийн онцлон цагаатгаж буйн учир нь бэлтгэл дээр болсон нэгэн нанчилдаантай холбоотой. Хэнээс болсныг нь мэдэх юм алга.

Бэйсбол, сагсанбөмбөг, МакДоналдсаас татгалзаж хөлбөмбөгийг сонгосон шүтлэгтэй, даруухан янки залуугаас илүү хэгжүүн, хамраа сөхсөн швед хянган хамарт байх магадлал нэн өндөр. Намайг бэлтгэл хийх аядан мунгинаж байгаад нэг хартал тэд аль хэдийнэ дээр дороо орчихсон үзэлцэж байх нь тэр. Тас няс хийтэл нэгнээ нударгалж, эгээтэй л “Highlander” киноны тулааны оргил хэсгийг санагдуулам дүр зураг нүдний минь өмнө өрнөж байлаа.

Шорт пүүзээ углаад, зүлгэн дээр гишгэх тоолонд мэдрэгддэг дэврүүн, хөгжүүн сэтгэл хөдлөл тэр үед надаас ор мөргүй хийсэн одсон байлаа.

Клубээс үүнийг "ердийн үл ойлголцол" хэмээн дараад өнгөрсөн боловч гарцаа байхгүй хэдэн хавирга хугарсныг би хэлж чадна. Булчин шөрмөс нь зангирсан тийм бух шиг хүнд жингийн залуусын зодоон өөрөөр яаж төгсөх билээ. Очиж салгахаас хүртэл зүрх үхэж байсныг нуух юун. UFC-гийн аваргын бүсийн төлөөх тулаан үзэж байгаа юм шиг санагдаж байлаа. 

Миланеллод болсон энэ зодоон намайг сэртхийлгэсэн ч гэсэн одоо дурсах үйл явдал шиг хүчтэй, гүн нөлөө үзүүлээгүй юм. Нөлөө гэхээр зөөлдөж байна. Өт хорхой шиг няц дэвссэн гэвээс зохино. 

Энэ бол 2005 оны Аваргуудын лигийн финал. Истанбулын гунигт үдэш. Ержи Дудекийн зэвүү хүргэм бүжиг. 69 мянган үзэгч эргэн тойронд байгаагүй бол би тэр алиалагчид жинтэй шанаа өгчихмөөр санагдаж байлаа. Тэр биднийг давс, кетчупээр амталж байгаад нэг нэгээр нь “Циклоп”  шиг зажлалгүй залгичихсан юмдаг. Тэгээд л тэр.  Эхлээд Сержиньо, тэгээд би, дараа нь  Шева хөл алдсан. 

 

Тэгэхээр Дудекийн урхинд унасандаа бид өөрсдийгөө л буруутгах учиртай. Энэ л хамгийн хэцүү хэсэг. Миланиста нарын зүрхийг шимшрүүлсний төлөөсийг нэхье гэвээс бид бүтэн багаараа дүүжлүүрийн өмнө зогсох учиртай. Угаасаа тэр үед “Босфор”-ын гүүрнээс үсэрчихмээр санагдаж байсан хойно ямар ялгаа байна.

Ази Европыг тусгаарладаг энэ хоолой төгсгөлдөө  амьсгаа давчдуулам тийм давчуу гэдгийг би тэр өдрийг хүртэл мэдээгүй явсан юм. Шевченко сүүлийн цохилтыг алдаж, копуудын уухай ататуркыг дөжрүүлэхтэй зэрэгцэн сэтгэлийн тэнхээгээр хооллодог шимэгч хорхой миний зүрх рүү часхийтэл хошуугаа шигтгэх нь тод мэдрэгдэж билээ.

Найрын ширээний хойморьт уригдан залагдаж тухалсан даруйдаа нохой шиг туугдаж гарсан зочид адил ичгүүр, гомдол, хорсол, үзэн ядалт бидний дотрыг хүйтэн хумсаараа зугуухан маажиж байсан...

Долоон голтой энэ паразитыг устгах арга үгүй. Сэтгэлийн гүний чинь хонхорт үүрээ засаж, өндгөө шахчихаад аажим аажмаар бүх судсаар чинь тархан үржинэ. Тэгээд үе үе үүрлэсэн эзнийхээ сэтгэлийн шархыг хөндөж, сэмлэж, шаналал, зовлонгоор нь хооллох бөлгөө.  

Манай багийнхан бүгд энэ аймшигтай шавьжны идэш болсон нь ататуркын хувцас солих өрөөний уур амьсгалаас илт байлаа. Тэвчиж суухын эцэсгүй  бачимдмаар эвгүй нам гүмийг эвдэж хөдлөх байтугай дуу гаргах тэнхэлтэй хүн бидний дунд үлдээгүй байсан юм. Шившигт тэр ялагдал манайхны биеийн болоод сэтгэлзүйн тамирыг нэгмөр нухчин дарж, шавар шороотой хутгасан байлаа.

Найрын ширээний хойморьт уригдан залагдаж тухалсан даруйдаа нохой шиг туугдаж гарсан зочид адил ичгүүр, гомдол, хорсол, үзэн ядалт бидний дотрыг хүйтэн хумсаараа зугуухан маажиж байсан юм.

Эсвэл бүр гол тасартал урж, тасчиж байсан гэвээс зохилтой.  Уур бухимдал тэгсгээд намжиж, тайвширдаг атал Истанбулын синдром улам буглан, ужгирдаг ажээ. Нойргүйдэл, гутрал, хилэн, хол хоосон мэдрэмж…. 

Та бүхэн энэ номыг Интерном, Азхур, Мир номын дэлгүүрүүд болон C1 телевизийн байр, Peace Mall-ийн 6 давхар дахь Jersey Zone дэлгүүр, IT Park-ийн 203 тоот өрөө зэрэг байршлуудаас худалдан авах боломжтой.