Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын жиргээнд Бээжин яаж хариулахаа мэдэхгүй байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ажлаа албан ёсоор авахаасаа өмнө Америкийн шинэ ерөнхийлөгч Бээжинтэй онлайн дайн эхлүүлсэн нь түүнийг Хятадад хатуу бодлого барих магадлалтайг харууллаа.

Тайваний ерөнхийлөгчтэй утсаар ярьж Хятадыг сандаргасан Трамп хоёр хоногийн дараа твиттер хуудсандаа Бээжинг зад шүүмжлэв. Тэрээр валютын манипуляц хийж, Америктай шударга бус худалдаа хийн, Өмнөд Хятадын тэнгист түрэмгийлэл үйлдэж байгаад Хятадыг буруутгасан мэдэгдэл Ням гарагт хийсэн юм. Трампыг Тайваний ерөнхийлөгчтэй утсаар ярьсныг шүүмжилсний хариулт энэ байлаа.

1979 онд Тайваньтай дипломат харилцаагаа цуцалснаас хойш Америкийн ганц ч ерөнхийлөгч тус аралтай шууд харилцаж байгаагүй юм. Одоогийн байдлаар Хятадын эрх баригчид Трампын дараалсан сорилтод ямар нэг сөрөг мэдэгдэл хийгээгүй байна.

Даваа гарагт Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Лү Кан хэлэхдээ “Хятадын тал Трампын баг ямар зорилготой ийм мэдэгдэл гаргасан талаар байр сууриа илэрхийлэх боломжгүй” гээд “талууд тогтвортой хамтын ажиллагаагаа үргэлжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа” ярьсан байна.

Лү “Бид Трампын хувь хүний үйлдлийн талаар тайлбар хийх боломжгүй” гээд “Бид Хятадын талаар баримтлах бодлогод нь илүү анхаарал хандуулж байна” гэсэн юм.

Мөн үүнээс гадна Бээжингийн гадаад бодлогыг зарлах дуу хоолой болдог сонинд нэгэн нийтлэл гарсан нь Трампыг шүүмжлэхийн оронд Тайванийг буруутгасан агуулгатай байлаа. “Трамптай ярь, Цайгийн засгийг шийтгэ” гэсэн гарчигтай нийтлэлд “Трамп зориуд ийм давалгаа үүсгэж, дундаас нь өөртөө боломж олж авах гэж байх магадлалтай” гэж Трампыг шууд буруутгалгүй өмөөрчээ. Цааш нь “Гэхдээ тэр дипломат харилцааны туршлагагүйгээсээ болоод Хятад-Америкийн харилцааг доргиосноороо ямар хортой үр дагавар гарахыг мэдэхгүй байх шиг байна” гэж өгүүлсэн байна.

Нэг үгээр хэлбэл Трампыг Тайваний талын хатгаасаар санамсаргүй алдаа хийсэн, хоёр орны харилцаанд сэв суулгах шууд санаа агуулаагүй байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Майк Пэнс Тайваний ерөнхийлөгчтэй утсаар ярьсан явдлыг гадаад бодлогод өөрчлөлт гарсны илрэл гэж үзэх хэрэггүй, энэ бол ердөө хүндэтгэл үзүүлсэн үйлдэл байсан гэж Ням гарагт тайлбарласан юм.

Бээжингийн Ардын Их сургуулийн олон улсын харилцаа судлалын профессор Ши Инхоны үзэж байгаагаар Бээжин одоохондоо Трампын үйлдэлд тэвчээртэй хандаж, харин Цагаан ордонд албан ёсоор суусных нь дараа ямар нэг арга хэмжээ авах байх гэжээ.

Ши Инхон “Трампын мэдэгдэл Хятадын лидерүүдийн санааг зовоож байгаа нь гарцаагүй” гээд “гэхдээ яг одоо тэд биеэ барьж, үйл явдлыг анхааралтай ажиглаж суухаас өөр замгүй байгаа” гэсэн юм.

 

Эх сурвалж: Japan Times