Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

М.Дагва: Уул уурхайгаараа хөгжсөн улсууд хувь эзэмшье гэхээс илүү татвараа л ханатал авъя гэдэг

ikon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн ерөнхийлөгч М.Дагватай ярилцлаа.


-Уул уурхайд төрийн өмчит компаниуд ажиллах нь хэр зөв хандлага вэ?

-Уул уурхайн салбарт төрийн өмчит компани байх ёстой эсэх дээр Дагва гэдэг хүний байр суурийг илэрхийлэхээс илүүтэйгээр төрийн өмчит уул уурхайн компани тойрсон ямар асуудлууд байдаг, сайн муу нь юу вэ гэдэг дээр монголчууд юуг анзаарах ёстой вэ гэсэн өнцгөөс яривал хэлэх зүйл бий. 

Миний хувьд төрийн өмчит компани удирдаж үзээгүй, энэ сэдвээр экспертийн хэмжээнд бэлтгэгдсэн хүн биш.

-Хүн бүр экспертийн хэмжээнд биш гээд чимээгүй суухаар уул уурхайгаас их мөнгө олох боломжоо алдаад байна л даа. Наад зах нь төрийн өмчит компани удирдаж явсан хүмүүст асуудал, зовлон ярих сэдлийг тан шиг салбартаа мэргэшээд яваа судлаачид л өгөх байх...?

-Монголд төрийн өмчит компани удирдаж явсан хүмүүс энэ асуудалд нээлттэйгээр байр сууриа илэрхийлээсэй гэсэн хүсэл мэдээж олон хүнд байгаа.

Магадгүй тэр ярианд нь өдөөлт болох байх гэдэг үүднээс асууж байгаа бол ярих зүйл бий. Уул уурхайг энгийнээр газрын доорх баялгийг улсын хөгжилд чиглүүлэх үйл ажиллагаа гээд ойлгочихож болно. Ингэхдээ төр заавал хувь эзэмших ёстой юу, эсвэл хувийн компаниудад даатгаад явах нь зөв үү гэдэг асуудал гарч ирдэг. Манай улс түүхэн уламжлалаараа төрийн өмчит уул уурхайн компаниудтай явсаар өнөөг хүрсэн.

Бас гадныхан ирээд эзэмшвэл нутгаа, баялгаа алдана гэсэн айдсаар стратегийн ач холбогдолтой орд гэх нэр томьёолол бодоод олчихсон улс. Өөрсдөө олсон бол 51 буюу дийлэнхийг нь төр эзэмшинэ, хөрөнгөө оруулж хайгуул хийсэн хувийн компани олсон бол төр 34 хувийг нь эзэмшинэ гэсэн дүрэмтэй. Миний хувьд таны сонирхсон асуудлаар нэлээд юм үзэж судалсан. Маш олон асуудал бий. Наад зах нь гэхэд л бяртай чадалтай зодоон цохион сайн хийдэг нөхрийг зүрх нь хөөрсөн нэг залуу очоод өдөхөөр “Чи өөрөө араа дааж чадах уу” гэдэг асуулт гардаг шиг төрийн өмчит компани байгуулж уул уурхайг хөгжүүлнэ гэж бодож яваа бол хожим гарах эрсдэлүүдийг нь дааж чадах уу гэсэн асуултад хариулах ёстой.

-Төр татвараас гадна хувь, ногдол ашгаа авна гэсэн сонирхлоор хувь эзэмшинэ гэж зүтгэдэг ч байдал эсрэгээрээ эргэчихдэг  гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хөгжлийн түвшин, санхүүгийн нөхцөл байдал, солонгорч чадаагүй эдийн засаг, ядуурал, ажилгүйдлийн хувь, ур чадвартай ажиллах хүчний хүрэлцээгээрээ ямар билээ, ийм нөхцөлд төрийн өмчит компаниар тоглоход хэр зохимжтойг бодох учиртай.

Төрийн өмчит компанитайгаар амжилт олж, цэнгэлийн манлайд хүрье гэвэл яг ямар нөхцөл бүрдүүлэх учиртайгаа бодох ёстой л доо. Таны асуусанчлан хувийн компаниас зөвхөн татвар  авна, төрийн өмчтэй бол хувь, ногдол ашиг зэргийг нэмж авна гэхээр давуу талтай юм шиг харагддаг. Ашиг гэдэг үгэнд нь бид төөрөлдөөд байна л даа. Төрийн хувьд ашиггүй ажиллаж байгаа уул уурхайн компаниас ч авах мөнгөө авсаар байдаг. Уул уурхайн салбарын тухайд ашигт малтмал ашигласны гээд өөр ямар ч салбарт байхгүй онцлог татвартай. Шууд  борлуулалтын орлогоос  нь авчихдаг. Ашигтай эсэх нь хамаагүй, юм борлуулсан л бол таван хувиа өг гэдэг. НӨАТ гэх мэт бусад татваруудыг бас авна. Ямар ч компани үйл ажиллагааныхаа зардал, улсад төлөх татвар, зээлсэн өрөө төлсний эцэст тодорхой хугацаа өнгөрсөний дараа ашигтай ажиллаж эхэлдэг. Тэр ашгаасаа ногдол ашиг гэж хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилдаг юм.

-Энэ онцлогийг мэддэггүйгээс болоод саяхан  Оюу толгойн ногдол ашгийг тээр хойно авах нь гэсэн шуугиан дэгдсэн. Татвараа л ахиухан аваад явчихмаар юм байна даа...

-Ашиг гэдэг юман дээр нь хэт анхаарч ашгаас нь хуваалцахын тулд хувь эзэмших дээр ач холбогдол өгөөд байна л даа. Наана нь маш их хэмжээний мөнгө авч болдог олон хувилбар байхад цаана байгаа ногдол ашгийг яриад суугаа тал бий

Засаглал муу, авлига өндөр улс хэрнээ бүх эрсдэл арилсны дараа олддог ашиг гэдэг юмнаас хүртэлцэх гээд зүтгээд байгаа нь анхаарч харах ёстой асуудал. Уул уурхайгаас ашиг авч хоцордог цорын ганц хэлбэр нь ногдол ашиг биш.

-Ер нь уул уурхайгаараа хөгжсөн орнууд ямар аргыг нь илүүд үзээд байна вэ?

-Татвар, хураамжаа авахыг илүүд үздэг юм байна.  Ялангуяа уул уурхайгаа ашиглаад хөгжлийн дараагийн шатанд хүрсэн улс ногдол ашиг энэ тэр гэж хувь эзэмших нь төвөг гэдгийг ойлгочихсон. Ерөөсөө л хувийн компаниудыг уул уурхайн салбартаа ороод ажилла гэдэг. Уул уурхайгаараа хөгжсөн улсуудын хувьд татвараа ханатал авъя гэсэн бодлого барьдаг.

-Засаглал муу, авлига өндөр улсад төр уул уурхайдаа оролцох эрсдэлтэй гэдэг нь олон улсын  жишиг хандлага мөн үү. Бид засаглалаараа дэлхийд аль хавьцаа нь жагсдаг бол?

-Байгалийн баялгийн засаглалын институт гэх мэт газрын судалгаагаар бол засаглал муутай авлига өндөр улсад төрийн өмчийн байтугай хувийн уул уурхайн компаниудын хувьд  хүртэл байгалийн баялгаас улсад өгөх өгөөж нь муу байдаг гэдэг. Монгол Улс авлига, засаглалаараа дэлхийн 200 улсын тэг дунд нь яваа. Сайн гэсэн үг биш, бүр сөнөсөн ч гэж ойлгож болохгүй.  Засаглал, авлигын хувьд  анхаарлын тэмдэгтэй гэсэн үг.

Төрийн өмчит компаниуд нялх байхдаа хоолондоо хүрч өгдөггүй, хоолонд хүрчихээрээ үгэнд ордоггүй зовлон байдаг. 

-Анхаарлын тэмдэгтэй гэхээр эрсдэл өндөр гэж ойлгож болох нь ээ?

-Манай улсын уул уурхайн салбар нялх байна.

Төрийн өмчит компани тойрсон олон асуудлыг зөв талаас нь цэгцтэйгээр харж чадахгүй байна. Хуулиуд, төрийн өмчийн компанийн захирлуудыг томилдог тогтолцоо, хяналт гээд бэлэн биш зүйл өчнөөн.

Төрийн өмчит компаниуд нялх байхдаа хоолондоо хүрч өгдөггүй, хоолонд хүрчихээрээ үгэнд ордоггүй зовлон байдаг. Бас хамаг ажлаа өөрсдөө хийх өндөр сонирхолтой. Уурхайгаа ухъя, үйлдвэрээ барья гэж зүтгэчихдэг. Хүүхэд нь дөнгөж 18 хүрчихээд аавыгаа ийш тийш нь хөрөнгө оруулъя гэж ятгаад, бизнесээ өөрөө мэдэж хийчих гээд байхаар нэг л итгэл төрж өгдөггүйтэй ялгаагүй эд.

Уул уурхайн салбарт бизнесийнхээ жам ёсоор өрсөлдөж буй компаниуд өөрийн гэсэн технологи, ноу хаутай болоод тасарч явчих гээд байхаар төрийн өмчтэй компанийн удирдлагууд улсынхаа эздэд  “Бид маш нууц технологи хөгжүүлье. Тэрбум ам.доллараар судалгаа хийе. Тэгэхгүй л бол Риотой өрсөлдөж чадахгүй  нь” гэдэг. Улсын удирдлагуудын хувьд үнэхээр тийм ч юм шиг санагдах үе мэдээж гарна. Энэ мэт шалтгаанаас болж амжилтгүй хөрөнгө оруулалт хийж, дампуурах тохиолдол маш олон бий.

-Улстөрчдийн  үнэлэмжээр дарга болсон нөхөр “Рио”-гийн зиндааны компаниудтай өрсөлдөж чадах уу гэж ирээд яривал захирлуудын томилгоо асуудалтай. Нааштай шийдсэн улс байна уу?

-Энэ асуудлыг хуулиараа шийдсэн улсууд бий л дээ.

Улс төрийн томилгоогоор захирлаар очлоо гэхэд заавал компанийн засаглалын  сургалтуудад суух үүрэг хүлээсэн байх жишээний. Маш хүчтэй хүний нөөц, сургалтын бодлоготой, өндөр түвшний менежерүүдийн  ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлаж өгч чаддаг орчин бий болгосон байдаг.

-Ил тод байдал, хөндлөнгийн хяналт нь дажгүй төрийн өмчтэй компаниудтай улс дэлхийд хэр байдаг бол?

-Дэлхий даяар хийсэн судалгаанаас харахад төрийн өмчит компаниудын энэ үзүүлэлт хангалтгүй байдаг. Парламент нь чадавхитай мэргэшсэн улсад бол өөр. Төрийн өмчит компанийнхаа менежмэнтэд сайн  хяналт тавьж чаддаг.

-Парламент нь мэргэшээгүй,  популист улстөрч олонтой улсад ямар байдаг вэ?

 -Товчхондоо ийм улсад төрийн өмчит компаниуд даам гардаг.

-Төрийн өмчит компаниудыг ингэвэл л ашигтай ажиллана гэсэн жор дэлхийд байна уу?

-Маш олон судалгааг харахад төрийн өмчит компанийг амжилттай явуулдаг нэгдсэн жор гэж байдаггүй юм байна.

Ерөнхийд нь харвал Африк, Ази Номхон далай, Ойрхи Дорнодын улсуудын төрийн өмчийн компаниуд миний түрүүний хэлсэн ашиг олох, улсынхаа хөгжилд дэм болох гэсэн зорилгыг хангах тал дээрээ сайн, муу, дунд  янз бүр байна. Засаглалын индекс талаас нь харвал олон нийтийн оролцооны механизмыг хангасан  уу үгүй юу гэдэг дээр маш сул, бүр сүйрч буй категори дотроо. Европ, Евро Ази, Латин Америкийн компаниуд бас л  янз бүр. Улсынхаа зорилгыг хангах тал дээр сайн муу байгаа ч оролцооны механизмынхаа хувьд овоо гайгүй байх жишээний.

-Төрд  данстай уул уурхайн компани ямар тохиолдолд амжилттай ажиллаж байна?

-Хувийн компаниудын үйл ажиллагаа бол ойлгомжтой, компанийн тухай хуулиар явчихдаг.

Гэтэл төрийн өмчит компанийг компанийн тухай хуулиар удирдаад ч байгаа юм шиг, төрийн өмчийн хороо, Уул уурхайн яам, Сангийн яам, Ерөнхий сайд нь ч удирдаад байгаа юм шиг сонин нөхцөл үүсдэг юм байна л даа. Яг бизнесийн байгууллага шиг үү, эсвэл арай өөрөөр ажиллах ёстой юу гэдгийг нь ямар нэг хууль гаргаж байгаад, стратегийг нь нарийн тодорхойлоод өгчихсөн улсад төрийн өмчит компаниуд амжилтад хүрдэг. Бие даасан байдлыг нь, бүтцийг нь хуулиар маш сайн тодорхойлж,  компанийг удирдах хүмүүсийн урамшууллын механизмыг зөв тогтоож өгсөн тохиолдолд амжилттай ажилладаг юм байна.

-Уул уурхай нь дөнгөж хөгжиж байгаа үед төрийн өмчит компани нь хайгуул, олборлолтоо хийгээд амжилтад хүрсэн жишээ  дэлхийд бий болов уу?

-Амжилтад хүрсэн түүх  ховор юм билээ.

Төрийн өмчит компани юуг хийх, юуг эс хийх, яам, төрийн өмчийн хороо гэх мэт  байгууллагууд төрийн өмчит компанийнхаа юунд нь оролцох, оролцохгүй байхыг хуулиар маш сайн зааж өгсөн ч юм уу, иймэрхүү тогтсон соёл суугаагүй цагт төрийн өмчит компани амжилтад хүрэхэд маш хэцүү. Үүнээс гадна 10, 15 жилийн дараа ашгаа өгөх уул уурхайн бизнес рүү хөрөнгө татах нь төрийн өмчтэй компаниудад хүнд асуудал байдаг.

-Итгэж мөнгө өгөхгүй гэдэг утгаараа юу?

-Яг тийм. Төрийн өмчит компанид аль болох бие даасан байдлыг нь бүрдүүлж өгч чадвал боломж гарч ирнэ гэсэн үг. Ингээд бодохоор аль болох улс төрийн нөлөөгүй байлгамаар. Гэтэл улсынхаа төсвийн орлогын маш том хувийг бүрдүүлдэг салбарын төрийн өмчит компанийн бие даасан байдлыг хэт хангаад өгчихөөр вант улс болох гээд байдаг зовлон бий. Ерээд оны эхээр Ерөнхий сайд нь хувь эзэмшдэг компанийнхаа захирлыг царай алдчихсан гуйж явдаг, өнөөх нь дуудахад нь ирдэггүй гээд асуудал зовлон их байсан юм билээ.

Хүссэн компани бүр биржид гарч чадахгүй шиг төрийн өмчит компани биржид гарч чаддаггүй тохиолдол байдаг. Нийгмийн асар их ачаа үүрсэн компанийг биржид гараад ирэхээр яах вэ гэдэг асуулт бий. Мэдээж хувьцаа авах хүмүүс тэнэг биш, нүдээ аниад авахгүй нь тодорхой. Наад компанийн  чинь хамаг ашгийг Ерөнхий сайд нь аваад иргэддээ халамж хэлбэрээр тараачихдаг, ардаа нэг хот, аймаг чирч явдаг гэвэл хувьцаа нь олигтой үнэд хүрэхгүй, хэн ч авахгүй.

-Хувь эзэмшдэг компанийнхаа олж байгаа мөнгийг улс нь ямар үед хуу хамж авах эрсдэл өндөр байдаг вэ?

-Төрийн өмчит компанийн олж байгаа орлого төсвийн орлогын нэлээд  хувийг эзэлж байгаа үед улс нь хамж авах эрсдэл өндөр. Хэрвээ төр нь өөр олон салбараас дажгүй татвар авдаг бол, уул уурхайн компанийн орлого төсвийнх нь  өчүүхэн хувийг бүрдүүлдэг  тохиолдолд хурц асуудал биш.

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес улсынхаа төрийн өмчит газрын тосны компанийг шахаж дарамталж байгаад 2012 онд 4.4 тэрбум ам.долларыг нийгмийн хөтөлбөрүүдэд цацсан байдаг. Гэтэл тэр жилдээ тухайн компани үндсэн үйл ажиллагаандаа 3.6 тэрбум ам.доллар зарсан гэсэн статистик бий. Төрийн өмчит компанийн хамгийн эмзэг тал нь энэ л дээ.

-Манайх шиг уул уурхайн салбарт нь төрийн өмчтэй компани олон тоогоор ажилладаг оронд салбар нь хөгжихгүй гацах эрсдэл бий юу?

-Төрийн өмчит компаниуд яам, төртэйгөө ойрхон байдаг учраас янз бүрийн хууль дүрэм шийдвэр гаргахад хувийн уул уурхайн компаниудаасаа  давуу эрхтэй болчихдог тал бий. Хуулийн төсөл оруулаад батлуулах,  нөлөөлөх чадвар нь хамаагүй өндөр байдаг. Тэр утгаараа хэтэрхий өөртөө үйлчилсэн тоглоомын дүрэм гаргачих гээд байдаг зовлонтой. Энэ нь алсдаа бүхэл бүтэн нэг салбарын хөгжлийг боомилох өндөр эрсдэл дагуулдаг.

-Бид уул уурхайгаасаа ахиу мөнгө олж, бусад салбараа өндийлгөхийн тулд өнөөдөр яг яах ёстой юм бол?

-Монголын хувьд төрийн өмчит компанитай байхыг хуулиараа зөвшөөрчихсөн.

Олон улсын компанийг оруулаад ирчихсэн. Хувийн уул уурхайн компаниуд нь бойжоод хөгжлийн тодорхой шатанд хүрсэн. Гурвууланд нь таардаг жор, гурвууланд нь таардаг хууль байдаг уу гэдэг асуултад л хариулах ёстой болоод байна. Миний бодлоор гурвууланд нь таардаг жор дэлхийд хаана ч байхгүй.

Тийм болохоор Австрали, Канад зэрэг улс татварыг нь өндөр тавиад хувийн компаниудыг тоглуулъя гээд шийдлийг нэг талд нь гаргачихаж байна л даа. Манай улс гурвуулангаас нь ашиг хүртчих гээд суугаад байгаа нь оновчтой бодлого мөн үү гэдэг бол томоос том  асуултын тэмдэг.

 

 ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН Ц.Баасансүрэн

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.