Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Узбекистанд ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Узбекистаны ерөнхий сайд Шавкат Мирзияев

25 жил Узбекистаныг удирдаж байсан Ислам Карымовыг хэн залгамжлахыг ард түмэн нь өнөөдөр шийдэх гэж байна. Ислам Карымов гурван сарын өмнө өвчний улмаас таалал төгссөн юм.

Санал хураах цэгүүд Узбекистан даяар өнөөдөр өглөөний 06:00 цагаас нээгджээ.

2003 оноос хойш Узбекийн ерөнхий сайдаар ажиллаж ирсэн, одоо ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Шавкат Мирзияев энэ сонгуульд ялах магадлал өндөр байна.

59 настай Мирзияев талийгаач Каримовын үйл хэргийг үргэлжлүүлэхээ амлаад байгаа. Саналын хуудсанд өөр гурван нэр дэвшигчийн нэр бичигдсэн байгаа нь Ардын Ардчилсан Намын Хатамжон Кетманов, Үндэсний Сэргэн мандалтын намын Сарвар Отамуратов, Шударга Ёс, Нийгмийн Ардчилал намын Нариман Умаров нар байгаа юм.

Эдгээр гурван нэр дэвшигч бүгд одоогийн засгийн газрыг дэмжиж ажиллахаа илэрхийлж байгаа.

1989 онд Зөвлөлт Узбекистаны коммунист намын дарга болж, 1991 онд ЗХУ нуран унасны дараа Узбекистаны ерөнхийлөгчөөр сонгогдон 30 сая хүн амтай орныг 25 жил төмөр нударгаар удирдахдаа Каримов сөрөг хүчнийг нухчин дарсан түүхтэй.

Тэрээр бүс нутгийн хөршүүдтэйгээ ч хүйтэн хөндий харилцаатай байсан юм. Харин Каримовыг нас барсны (есдүгээр сарын 2) дараа энэ байдал өөрчлөгдөж, шинэ эрх баригчид хөршүүдтэйгээ найрсаг харилцаатай байхыг эрмэлзэж эхэлжээ.

Тухайлбал Каримовыг нас барснаас хэдхэн өдрийн дараа Узбекистан Киргизийн дөрвөн иргэнийг суллаж, тус хоёр орны хооронд газар нутгийн маргаантай байдаг бүсээс цагдаагийн хүчээ татсан юм.

Мөн есдүгээр сарын 23-нд Тажикистан улс 1992 онд зогсоогоод байсан Душанбе-Ташкентын шууд нислэгийг сэргээж байгаагаа зарлав. Казахстаны хэвлэлүүд Узбек, Казахын эрх баригчид удаан хугацаанд маргаантай байсан хоёр орны хилийн демаркацийг эцэслэн шийдэх шатандаа явааг мэдээлжээ.

Хэрвээ өнөөдрийн сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч 50-аас дээш хувийн санал авахгүй бол хамгийн олон саналтай хоёр нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуулах юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty