Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Италичууд Европын хувь заяаг шийднэ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Ням гарагт Италид бүх нийтийн санал асуулга явагдаж, 1948 онд батлагдсан үндсэн хуулиа шинэчлэх эсэхийг шийдэх гэж байна.

Уг санаачилгыг 41 настай ерөнхий сайд Маттео Рензи гаргасан юм. Тэр энэ санал асуулгад ялбал Италийн парламентын дээд танхим болох Сенатог өөрчилж, одоогийн 315 суудлыг нь 100 болгон бууруулж, хууль батлах эрх мэдлийг нь зөвлөх, санал гаргах хэмжээнд хүртэл бууруулах юм. Өөрөөр хэлбэл Италийн хууль хоёр танхимаар дамжин батлагдаж хэрэгждэг нүсэр, хүнд тогтолцоог халж, нэг танхимаар хууль батлагддаг парламентын системтэй болгоно.

Ингэснээр Италийн засгийн газар үр бүтээлтэй, хүнд сурталгүй, хурдан ажиллагаатай болох сайн талтай. Одоогийн Италийн улс төрийн амьдрал маш их дуулиантай, замбараагүй, эмоцитой боловч үр дүн маш муу. Нэгэн судалгаагаар Италичуудын 97 хувийнх нь орлого сүүлийн арван жилд огт өсөөгүйг харуулж байна. 1990-ээд оноос хойш Италийн ДНБ байрнаасаа урагшилсангүй. Энэ бүхэн Италийн засаглалын хуучинсаг байдалтай холбоотой тул шинэчлэл хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Харин “Үгүй” гэсэн санал ялбал энэ нь Европын Холбооны суурийг ганхуулсан үйл явдал болно. Өөрөөр хэлбэл Италид өөрчлөлт гарах найдлага тасарснаар хөрөнгө оруулагчдын итгэл буурч, угаасаа дээсэн дөрөөн дээр байгаа банкны салбар нь унаж, Евро бүсийн эдийн засагт шинэ хямрал авчрах юм.

“Үгүй” санал дэмжигдвэл ерөнхий сайд Маттео Рензи огцорч, хугацаанаас өмнө сонгууль явагдана. Ингэвэл Рензигийн шинэчлэлийг эсэргүүцэж байгаа популист Таван Од (Five Star) хөдөлгөөнийхөн ялах магадлал өндөр. 2009 онд байгуулагдсан уг хөдөлгөөний тэргүүн, Дональд Трамптай төстэй Бэппе Грилло гэгч нь еврогоос татгалзаж, Италийн лираг буцаан хэрэглээнд нэвтрүүлэн, цаашлаад Британий нэгэн адил Европын Холбооноос гарах санааг ч гаргаж магадгүй байгаа юм.

Тиймээс өнөөдөр Италичууд BREXIT, Трампын ялалтын буухиаг үргэлжлүүлэн Европод бас нэг хямрал авчрах үгүйгээ шийдэх гэж байна.

2014 онд ерөнхий сайдаар томилогдохдоо Италид шинэчлэл хийх санаа өвөрлөж ирсэн залуухан Маттео Рензи энэхүү санал асуулгыг “сүүлчийн боломж” хэмээн Италийн иргэдэд сануулж байгаа юм.

 

Эх сурвалж: CNN