Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ тэргүүн хатагтайг хотоосоо явуулах хөдөлгөөнд 100,000 Нью-Йоркийн иргэн нэгдээд байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Америкийн шинэ тэргүүн хатагтай Меланиа Трамп хүүгээ сургууль төгстөл нь Нью-Йорк хотод үлдэх тухайгаа зарласны дараа тус хотын иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж 100 мянга орчим хүний гарын үсэг цуглуулжээ.

Шинэ ерөнхийлөгчийн гэр бүл Вашингтон дахь Цагаан ордонд нүүж, даруй төрийн хамгаалалтад ордог уламжлалтай. Гэвч шинэ тэргүүн хатагтай Нью-Йоркод үлдсэнээр тус хотын төсвөөс хамгаалалтад нь зориулж хоногт нэг сая ам.доллар гаргах болоод байгаа юм.

Тиймээс иргэд Манхеттэний тавдугаар өргөн чөлөөнд оршдог, 58 давхар Трамп цамхагийн аюулгүй байдалд зориулж татвар төлөгчийн мөнгийг гаргахгүй байхыг Нью-Йорк мужийн захирагч Эндрью Куомо, хотын дарга Билл Де Балсио нараас шаардаж байгаа ажээ.

Хэрвээ тэргүүн хатагтай Нью-Йоркод үлдэхээр шийдвэл хамгаалалтын зардлаа өөрсдөө гаргах хэрэгтэй гэж иргэд үзэж байна. Трампыг ирэх нэгдүгээр сард тангараг өргөж Цагаан ордонд суусны дараа Меланиа 10 настай хүүгийн хамт Манхеттэний пентхаусдаа үлдэж сургуулийг нь төгстөл амьдрах санаатай байгаагаа дэлгэж байсан юм.

Үүнийгээ тэр Бэррон хүүгийн суралцах явцад бэрхшээл гаргахгүйн тулд хийж буй үйлдэл гэжээ.

Хэрвээ эхнэр, хүү хоёр нь Нью-Йоркод үлдвэл ерөнхийлөгч Трамп байн байн Вашингтоноос энд зочлон ирснээр Нью-Йоркийн цагдаа, хамгаалалтын зардлыг ч нэмэгдүүлнэ гэж иргэд үзэж байгаа юм.

Дональд Трамп өөрийн зөвлөхүүдээс долоо хоногийн хэд хоногийг Цагаан ордонд өнгөрүүлэх шаардлагатай болохыг асууж байсныг түүний багийнхан өмнө нь мэдээлж байв. Гэр амьтай Трамп сонгуулийнхаа сурталчилгааны үеэр өөрийн оронд нойрсохын тулд шөнө дунд ч хамаагүй Нью-Йорк руу нисдэг байсан гэдэг.

 

Эх сурвалж: Independent