Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин Дональд Трампыг ойлгохын тулд Киссинжертэй уулзлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан 93 настай Хенри Киссинжерийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр буюу Баасан гарагт хүлээн авч уулзлаа.

Энэ уулзалтыг Америкийн шинэ засаг захиргааны бодлогыг Хятадын талд ойлгуулах, шинэ харилцааны замыг засах дипломат үйл ажиллагаа гэж ажиглагчид дүгнэж байна. Олон сэтгүүлчдийн өмнө Ши Жиньпин “АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсний дараах чухал цаг үед бид байна. Манай Хятадын тал нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа. Эрх мэдэл шилжих явц яг одоо өрнөж байна” хэмээн Киссинжерт хэлжээ.

Тэр цааш нь “бид Хятад-АНУ-ын харилцааг цаашид тогтвортой үргэлжлэхийг хүсч байна” гэсэн байна.

1972 онд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсоны Хятадад хийсэн түүхэн айлчлалыг гол зохион байгуулагч гэгддэг Киссинжер өөрийг нь хүлээн авсан Ши Жиньпинд талархлаа илэрхийлжээ.

Хоёр долоо хоногийн өмнө CNN-д ярихдаа Киссинжер “Трамп сонгуулийн үеэр амлаж байсан зүйлсээ бүгдийг нь биелүүлэх албагүй” хэмээн ярьж байв.

Тэрээр Дональд Трампыг түүний амьдралдаа харж байсан хамгийн онцгой нэр дэвшигч гэж хэлсэн юм. Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Хятадын эсрэг агуулгатай мэдэгдэл олон удаа хийсэн Трампыг АНУ-Хятадын харилцаанд ямар өөрчлөлт авчрах бол хэмээн дэлхий нийтээр ажиглаж байгаа.

Тиймээс хоёр орны харилцааг сайжруулахад хүчин зүтгэж байсан ахмад дипломатчийг энэ удаа дахин Америк-Хятадын харилцааг зохицуулах элчээр Вашингтон илгээжээ. Хятадын тал ч өөрийн сонирхлоо Киссинжерээр дамжуулан Трампын багт ойлгуулах зорилготой байна.

 

Эх сурвалж: South China Morning Post