Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэн байна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд өнөөдөр “Тогтвортой хөгжлийн зорилтод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулъя” хэлэлцүүлэг, хэвлэлийн бага хурал боллоо.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг угтаж өнөөдөр Засгийн газар болон салбарын яам, холбогдох холбоо, ТББ-ууд хамтран ажиллаж буй юм.

Хэвлэлийн бага хуралд ХНХЯ-ны дэд сайд С.Мөнгөнчимэг, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр болон бусад яам, ТББ, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо”-ны тэргүүн С.Сэлэнгэ, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга Ц.Ганчимэг, Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл нарын олон төлөөлөл оролцсон.

Хуралд оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахын төлөө өөр өөрийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажил, зорилго зорилтуудаа товч танилцуулсан юм.

ХНХ-ын дэд сайд С.МөнгөнчимэгХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж, оролцоог нэмэгдүүлж, хөгжлийг дэмжих нь Монгол Улсын Засгийн Газрын бодлогын үндсэн чухал үүрэг билээ.

Монгол Улсын Их Хурал 2016 оны хоёрдугаар сарын 05-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь бүх салбарын төр болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, хамтын үйл ажиллагааны үр дүнд хэрэгжих асуудал юм” гэлээ. Түүнчлэн Барилга, Хот Байгуулалтын Яамны газрын дарга Д.Занабазар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг барилга байгууламжид хангах стандарт нормын талаар онцолж байсан.

Харин Зам, Тээврийн Хөгжлийн Яамны хэлтсийн дарга Ж.Сэрээтэр тээврийн хэрэгслүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэхэд илүү хялбар болгох тоноглол суурилуулах ажлын талаар мэдээлэл өгөв. Өнөөдөр дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй байгаагийн 650 сая хүн нь Ази тивд амьдарч байгаа.

Монгол улсад 2015 оны Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр нийт 101,730 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс: 

  • Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 34 хувь,
  • Олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 64 хувьийг эзэлж байна.

Хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийн хувьд авч үзэхэд хамгийн өндөр илүү их тохиолдож буй бэрхшээл нь:

  • Бусад бэрхшээл 31 хувь,
  • Хөдөлгөөний бэрхшээл 19 хувь,
  • Сэтгэцийн бэрхшээл 17 хувийг эзэлдэг.
 

Хурлын дараа ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг Малайз улсад зохион байгуулагдсан тусгай олимпод амжилттай оролцож медальт байр эзэлсэн тамирчин хүүхдүүдэд амжилт гаргасанд нь баяр хүргэж, бэлэг гардуулан талархал гардуулсан юм.

Эх сурвалж: ХНХЯ