Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилийн хөлбөмбөгчдийг сүйрүүлсэн осолд Боливийн компанийг буруутгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Боливийн засгийн газар захиалгат нислэг үйлддэг ЛаМиа Айрлайнз компанийн лицензийг цуцалж, удирдлагыг нь огцруулах шийдвэр гаргажээ.

ЛаМиа нь Боливийн захиалгат нислэгийн компани юм байна. Тэднийг Мягмар гарагт гарсан онгоцны осолд буруутгажээ. Ослоор нийт 71 хүн амиа алдсаны дотор Бразилийн Chapecoense багийн хөлбөмбөгчид байсан юм.

Онгоц нь газардахаасаа өмнө шатахуунгүй болсны улмаас осолдсон байна. Уг нь онгоц Колумбийн Меделлин хотод хүрэхээсээ өмнө Перу, Бразилийн хилийн ойролцоох Боливийн Кобиха хотод түр бууж шатахуун авах ёстой байжээ. Гэтэл цаг хоцорсны улмаас тэд энэхүү зогсоолыг алгасан Меделлин хот руу шууд ниссэн нь осол гарахад хүргэсэн байна.

Анх Бразилийн баг нисэхдээ Бразилаас шууд Колумби руу захиалгат нислэг хийхээр төлөвлөж байсан гэнэ. Гэтэл Бразилийн нислэгийн зохицуулалтаар тус улсад бүртгэлгүй онгоц захиалгат нислэг үйлдэхийг хориглодог тул ЛаМиа компанийн онгоцыг Бразилаас Колумби руу нислэг хийхийг зөвшөөрөөгүй байна.

Үүний дараа Бразилийн баг өөр чиглэл сонгож хөрш Боливиар дамжин Колумби руу (Бразил-Боливи-Колумби) нисэхээр болжээ. Тэд Бразилийн Сан Пауло хотоос Боливийн Санта Круз дэ ла Сиерра руу Боливиа Айрлайнзийн онгоцоор нисээд, тэндээсээ ЛаМиа компанийн захиалгат нислэгээр Колумбид хүрэхээр шийдсэн байна.

 

Гэтэл Боливийн нислэг цаг гаруй хугацаагаар саатаж оройн 7 цагийн үед очих газраа хүрчээ. Ингээд дараагийн нислэг нь оройтсон тул ЛаМиа компанийн онгоц Кобиха хотод түр зогсолт хийх аргагүй болсон байна. Учир нь Кобиха хотын нисэх буудал шөнийн цагаар ажилладаггүй гэнэ.

Ингээд ЛаМиагийн онгоц Боливиас шатахуунаа дүүртэл нь цэнэглэж аваад Колумийн Меделлин хот руу шууд нисэхээр болжээ.

Гэвч энэхүү нислэг тооцсон ёсоор болсонгүй, буух газраасаа 10 орчим километрийн зайтай байхад нь онгоцны шатахуун дууссанаас газарт унаж осолдсон байна. Ослын газраас асгарсан шатахууны ул мөр олдоогүй нь үүнийг харуулж байгаа аж.

Ослын улмаас Chapecoense багийн 3 гишүүнээс бусад нь бүгд амь үрэгдэж, тэдний тоглолтыг сурвалжлахаар явсан сэтгүүлчид болон онгоцны багийн гишүүдээс мөн амиа алдсан юм.

 

Эх сурвалж: Russia Today, BBC