Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл 2017 онд Улсын төсөвт 89.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр боллоо

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд болж Нийслэлийн 2017 оны төсвийг баталлаа.

Хуралдааны эхэнд төсвийн анхны хэлэлцүүлэг хийсний дараа НИТХ-ын  хороод, намын бүлгээр хэлэлцэн гарсан санал дүгнэлтүүдийг танилцуулан зарим саналуудыг 2017 оны төсөвт тусгалаа.

Ингээд нийслэлийн орон нутгийн төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг, нийт урсгал зарлагыг 295.7 тэрбум төгрөгөөр тус тус хянаж Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу 89.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр боллоо.

Мөн,

  • Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгийг 2016 оны батлагдсан дүнгээс 2.2 тэрбум төгрөгөөр бууруулж 12.1 тэрбум,
  • Улсын тусгай шилжүүлгээр санхүүжүүлэх нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг өмнөх оноос 17.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 321.7 тэрбум төгрөг байхаар баталлаа.

Нийслэлийн 2017 оны төсвийн талаар хоёр намын бүлгийн төлөөллийн байр суурийг хүргэж байна.

"Нийслэлийн 2017 оны төсөв үрэлгэн төсөв боллоо"
 

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү "2017 оны нийслэлийн төсвөөс ирэх оны хотын өнгө төрх, хөрөнгө оруулалт хаашаа явах нь вэ гэдэг чиглэл харагдана.

Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгааг харгалзан ажлын байрыг нэмэгдүүлэн, нийслэлчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг хангахад түлхүү анхаарах боломжтой гэж үзэж байгаа. АН эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд бичил бизнесийг дэмжих чиглэлээр 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөж байсан. Энэ төсөвт бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр тэрбум төгрөг орж ирж байгаа.

МАН сонгуулиар нэг өрх нэг ажлын байр гэж амлаж байсан. Нийслэл хотод ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана гэсэн ч амлалтаасаа ухарч байна.

Энэ удаагийн төсөв дээр анхаарал татаж байгаа нэг зүйл бол мэдээлэл технологийн зардлыг эрс өсгөсөн явдал юм. Өнгөрсөн жилүүдэд нийслэл мэдээлэл технологийн салбартаа дунджаар хоёр тэрбум төгрөг зарцуулж ирсэн. Гэтэл энэ жил 17 тэрбум болгож огцом нэмэгдүүллээ. Энэ 17 тэрбумын хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудын зарим нь өмнөх жилүүдэд хэрэгжсэн хөтөлбөрийн явцад хийгдсэн ажлууд байгаа. Энд зарцуулж байгаа хөрөнгийг ахмадын орон сууц, түрээсийн орон сууцны төсөлд зарцуулах шаардлагатай гэж үзэж байгаа.

Мөн 2017 оны төсвийг үрэлгэн төсөв боллоо гэж харж байна. Нийслэлийн төсөв орлогоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 73 төгрөгөөр нэмэгдүүлж тавьсан. Харамсалтай нь урсгал зардлыг танаагүй, НЗДТГ, Захирагчийн ажлын албаны урсгал зардлыг нэмсэн байгаа. Иргэнд очиж наалдах ёстой төсөв маань дарга нарын агентлагт чиглэсэн төсөв боллоо гэж манай намын бүлэг үзэж байна" гэлээ.

"Улаанбаатар хотын бүх хороод руу нэг цэгийн үйлчилгээ хүрнэ"
 

НИТХ-ын төлөөлөлөгч, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү "Улсын хэмжээнд эдийн засгийн хүндрэлтэй байна. Ялангуяа нийслэл Улаанбаатар хот эдийн засгийн маш хүнрэлтэй үед төсөвт бүтээнд байгуулалтын ажлууд оруулж байгаагаараа онцлогтой. Яагаад гэвэл нийслэл жилдээ 150-160 тэрбум төгрөгөөр  хөрөнгө оруулалтын ажил хийдэг. Гэтэл өнгөрсөн жилүүдэд 454 тэрбум төгрөгийн концесс хийчихсэн. Үндсэндээ бидний дөрвөн жилд хийх ажил урьдчилаад хийгдсэн гэсэн үг. Гэхдээ бид хүнд байна гээд зүгээр суулгүйгээр хөрөнгө оруулалтын ажлууд дээр нэлээд анхаарал хандууллаа.

Мөн газар зохион байгуулалтын сан, биржтэй болохоор төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр 1,000 айлын орон сууцны ажлыг эхлүүлж, орон сууцаа хашаагаар солих ажлыг хийнэ. Үндэсний компаниудаа дэмжих зорилгоор зах зээл дээр илүүдэлтэй байгаа орон сууцуудыг ипотекийн зээлд хамруулах ажлыг хийж байна. Эдгээр ажлууд төсөвт бүтээн байгуулалтын гол ажлууд болж орсон.

Дүнжингарав, Мишээл экспод байрлаж байгаа нэг цэгийн үйлчилгээний төвүүдээ хороод руу шилжүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд мэдээлэл технологийн баазыг дундын мэдээлллийн сан хэлбэрээр үүсгэх ажлыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын бүх хороод руу нэг цэгийн үйлчилгээ хүрнэ гэж ойлгож болох юм.

Ажлын байрыг нэмэгдүүлэхээр Эмээлт, Багануур, Багахангай, Налайхын технологийн паркуудаа ашиглалтад оруулна" хэмээн ярилаа.