Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Атомын элементэд нэр өгсөн Азийн анхны үндэстэн Япон боллоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Онолын болон Хэрэглээний Химийн Олон Улсын Холбоо атомын дөрвөн элементэд албан ёсоор нэр оноосон байна. 115, 117, 118 дахь элементүүдэд АНУ, Оросын судлаачдын саналаар Московиум, Теннесин, Оганессон гэсэн нэрүүдийг тус тус оноосон бол 113 дахь элементэд Нихониум нэрийг Японы судлаачдын саналаар өгчээ.

“Nihon” буюу Япон гэсэн нэрэн дээр бодисуудын нэрэнд залгадаг “иум”-ыг залгаснаар “Nh” гэсэн товчлолтой нэр бий болсон байна.

Ингэснээр Ази тивээс анх удаа химийн элементэд нэр өгсөн тохиолдол болж байгаа юм. Судалгааны багийн ахлагч, Кюшүгийн Их сургуулийн профессор Косуке Морита “Үелэх системийн хүснэгт бол химийн ухааны агуу уламжлал. Үүн дотор Япон нэртэй элемент бий болсонд би их баяртай байна” гэжээ.

Яваандаа сурах бичгүүдэд тусгагдсанаар Япон хүүхдүүд эх орноороо бахархаж, химийн ухааныг сонирхон судлах нь нэмэгдэнэ гэж тэр үзэж байгаа гэнэ. Супер хүнд масстай, синтетикийн аргаар гаргаж авдаг Нихониум элемент нь секундыг мянга хуваасантай тэнцэх хагас задралын хугацаатай тул илрүүлэх, практик хэрэглээнд ашиглахад хэцүү ажээ.

АНУ-Оросын баг уг элементийг түрүүлж нээсэн гэж маргасан боловч олон улсын байгууллагаас Япончуудыг урьтсан гэж дүгнэснээр өнгөрсөн оны 12 дугаар сард нэр оноох эрхийг авсан юм.

 

Эх сурвалж: Japan Times